Жүжигчин Нямаагийн Зоригтой ярилцсанаа хүргэж байна. Эл эрхмийг “Санаж яваарай” гол дүр, мөн “Загийн алим”-ын Ханбүргэд гээд кино урлагт бүтээсэн дүрүүдээр нь ард түмэн мэднэ. Ерээд оны эхээр “Хөхөөтэй цаг” нэвтрүүлгийг үндэсний телевизээр хөтлөн явуулсан нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Тэрээр төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн хүү юм. Мөн гавьяат жүжигчин И.Одончимэгтэй ханилж байсан гэдгийг хүмүүс мэднэ. Ямар сайндаа “Сэтгүүлчид надаас яриа авахаараа аав, Одноо хоёрыг л асуугаад байдаг. Би тэр хоёрын тухай ярихын тулд яриа өгөх хэрэг үү” гээд инээж байсан. Мань эр бол үнэндээ сонин ертөнц л дөө. Монголын кино урлаг, мөн телевизийн урлагийн нэгэн цагийн түүхийн гэрч мөн билээ.
-Хоёулаа яриагаа төгссөн сургуулиас тань эхэлбэл яаж байна?
-Нийслэлийн арван жилийн зургадугаар дунд сургуулийг төгссөн. Сурлага ч гайгүй байсан юм болов уу, Москвагийн бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг аваад явлаа. Тэр чинь далан найман он. Орос хэлний шалгалтад ортол Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид хуваарилдаг юм байна. Ингээд Москвад нэг жил сурлаа. Аавынхаа таван жил сурсан Москвад сурч байгаа нь тэр. Нэг инээдтэй дурсамж ярья л даа. Намайг сурч байхад аав Москвад очиж байсан. “Азербайжан” буудалд буучихаад над руу утасдаад, хүрээд ир гэдэг юм. Би яваад очтол үүдний жижүүр нь оруулдаггүй, оюутныхаа үнэмлэхийг үзүүлээд ч болдоггүй. “Аав минь Монголын зохиолч Нямаа гэдэг хүн ирээд намайг дуудууллаа” гэтэл өөрийн чинь үеийн залуу өглөө ирснийг мэдэж байна, одоо бүр үеийнхээ залууг аав аа гэж худлаа хэлэх нь гээд хавьтуулдаггүй шүү. “Үнэмлэхийг минь та тулгаад шалгаж болно. Болохгүй бол та дуудаад өгнө үү” гэтэл дуртай дургүй аавыг дуудлаа. Аав буугаад иртэл хавийн хүүхнүүдийг цуглуулаад “Аав хүү хоёр гэнээ, ямар сонин юм бэ” гээд дуу алдаж байна. Аав ч жуумалзаж инээмсэглээд юм дуугарсангүй. “Ийм хөгшин хүнтэй намайг чацуу гэлээ” гээд миний их л дургүй хүрч билээ. Зохиолчид тэр буудалд их буудаг байсан. Анна Цендина гээд Дамдинсүрэн гуайн охин аавд үйлчлээд орчуулагчаар явж байсан. Тэгэхэд Зөвлөлтийн зохиолчдын хороонд ажилладаг байсан болов уу. Аав Дамдинсүрэн гуайн охин гээд танилцуулж байсан. Аав тэгэхэд дундад Ази Самаркандаар явсан. “Самаркандынт шөнө” гээд олон алдартай бүтээлээ тэгэхэд бичсэн байх. Миний бие Москвагийн Улсын их сургуулийн бэлтгэл ангиа төгсөөд шалгалт өгөх гэтэл “10 төгссөн хүүхэд авахгүй” гээд шалгалтад оруулдаггүй. “Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй” гээд Эрхүүгийн сэтгүүлийн ангийн хуваарь өгчихлөө. Москвад үлдчих санаатай хөөцөлдтөл дараа жил нь буюу наян онд Москвад олимп болно, гадаадын оюутнуудыг авахгүй гэлээ. Ингэтэл “Хонх”-ын Цогтсайхан таараад “Би яг чам шиг юм болсон. Киноны сургуульд Москвад ирээд Эрхүүд хуваарилагдсан. Тэнд дуртай дургүй очсон, тэгтэл Эрхүү гэдэг чинь ямар гоё юм бэ. Монголд ойр маш сайхан нутаг” гэж хэлээд намайг вагон руу бараг чихдээд орчихсон. Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлийн ангид иртэл Хонхын Энхбаяр, сэтгүүлч Гомбын Золжаргал, гэрэл зурагчин Цацралт гээд дандаа гавьяатууд сурч байлаа. Кино найруулагчаар очоод дунд сургууль төгсөөд шууд ирсэн гэх шалтгаанаар Эрхүү рүү, үндсэндээ Ангар мөрөн рүү шидэгдсэн нөхдүүд. Тэнд нэг жил сураад, сүүлдээ дургүй хүрээд аавд учир байдлаа хэлээд Монголд ирсэн. Москвагийн их сургууль аваад явсан хүн чинь Эрхүүд сураад сүүлдээ Монгол Улсынхаа багшийн сургуулийн кино драмын ангид орж байгаа юм.
Кино драмын ангид нэгдүгээр курсийн дундуур орсон. Манай ангийн багш Хайнзан гэдэг хүн байсан. Үндсэндээ бид чинь Хайнзан, Доржсамбуу гэсэн хоёр хүний шавь нар. 1984 онд сургуулиа төгссөн. Манай ангийнхан гэвэл “Говийн зэрэглээ”-гийн Номин, “Гарын таван хуруу”-гийн Сүрэнгийн дүрээр мөнхөрсөн Янживын Оюунцэцэг, түүний нөхөр “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”-ын Шагдарт тоглодог гавьяат Лувсан гуайн хүү Нямсүрэн, Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг, жүжигчин Нармандах, Рагвайн Гэрэл гээд олон хүн байна.
-Төгсөөд кино үйлдвэрт очив уу?
-Ёстой аваргуудын гар дээр очиж байгаа юм. Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино групп буюу жүжгийн ангид хуваарилагдсан. Жилдээ 42 кино эх хэлнээ хөрвүүлж, дуу оруулж байсан удаатай. Мөн Монголын уран сайхны кинонуудад бас дуу оруулна. Алдарт Чимэд-Осор гуайгаас аваад Дамдинбазар, Дагийранз, Дамчаа, Цэнд-Аюуш, Цэмпилмаа, Цэцгээ, Батцэцэг, Сүхбаатар, Чойн Хүрэл гээд жинхэнэ лидерүүдтэй нэг гал тогоонд байлаа. Хүрэл бид хоёроос бусад нь гавьяат, ардын цолтнууд. Сүүлд Сүхбаатар маань гавьяат болоход бид цугласан. Мөн ардын жүжигчин Равдан байна, дээрээс нь Гүрсэд, Карма, Нэргүйбаатр бүгд гавьяат. Миний бие сургуулиа төгсөөгүй байхдаа буюу 1983 онд дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн хүү Энхээ, төрийн шагналт Чойжилын Чимидийн хүү Энхээ хоёрын зохиол “Аль нь вэ” гэдэг нэртэй кинонд тоглох боллоо. Ч.Энхээ чинь нэг хэсэг манай ангид байсан юм. Зохиолоо биччихээд “Чи л нүдэнд харагдаад байна. Монголын анхны нэг дүрд хоёр хүнийг тоглуулах санаатай ийм бүтээл” гэж тодотгож хэлсэн. Зохиолыг нь уншлаа, кино найруулагч Сэлэнгэсүрэн кино үйлдвэр дээр дуудаад сорилтод орлоо. Тэгсэн чинь чимээгүй байна аа. Бараг сар шахуу боллоо, тэгтэл дахиад дууддаг юм. “Эхний сорилт амжилттай болсон. Хөдөө хоёрдугаар сорилтод хослол зургаар хоёр ихэр болгож авна” гэв. Шаравдорж оператор нүсэр том аппарат ажиллуулж хоёр ихрийн дүрс авсан. Тэр чинь бараг өвлийн сүүл сараас эхэлсэн ажил. Дахиад чимээгүй болчихлоо. Тэгтэл өөр хүн тэнцэж гэнээ л гэж дуулдлаа. Тэр хүндээ зориулж хувцсыг нь хийж байна гэдэг ч юм. Гэтэл хослол зургийг үзээд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл эргэсэн байгаа юм. Ерөөсөө тэр Зоригийг тоглуул гэжээ. “Өөр хүн тоглуулахаар болсон, хувцсыг нь бэлдсэн” гэхэд тэр хамаагүй гэсэн байна. Ингээд би чинь нэг л өдөр хоёр дүр дээр тавиад буусан, азтай шүү бас. Тэгж “Аль нь вэ” гэдэг кинонд тоглосон. Төв хорооны үзэл суртлын хэлтэс тухайн жил гарсан Дашдооров гуайн “Саруул талын ерөөл“, Гармаа гуайн “Нарны унага”, “Аль нь вэ” гэдэг энэ гурван киног Төв хорооны тогтоол гарч хаасан. Нийтэд гаргаж болохгүй гэсэн. Манай киног орчин үеийн залуучуудын ахуй амьдралыг буруу талаас нь тусгаж харуулсан байна, архи ууж байна, эрүүлжүүлэхэд орж байна, наймаа хийж байна, залуучуудад үлгэр дуурайлалгүй юм үзүүлсэн байна гэж хаасан. Соёлын яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан ардын жүжигчин Э.Оюун багш цээжээрээ хамгаалаад дийлээгүй хаалга саваад гарч байсан гэдэг. Бадар-Ууган, Оюундэлгэр хоёр киноны дууг дуулсан юм. “Дууг нь хас, нэрийг нь соль, ингэж алдаж онож явлаа гээд Санаж яваарай болго” гээд киноны жар гаруй хувь нь хасагдаж дахиж шинээр хийгдсэн. Галт тэргэнд залуучуудад ингэж алдаж явлаа гэдгээ ярихаас аваад олон юм шинээр нэмж, бүтээн байгуулалт барилгыг нэмсэн юм. Би нэг юманд харамсдаг юм. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай имперсонист, модернист, сюрриалист ч гэдэг тийм нэг зураачийн дүрд тоглосон. Тэр зураачаар дамжуулаад ах дүү хоёрын төлөвшил хүмүүжил, ертөнцийн үзэх үзэл нь өөрчлөгдөж, харагдаж байгаа тийм чухал дүр байсан. Жамсранжав гуай сайн ч тоглосон. Ийм мундаг хүнтэй хамт тоглож байна гээд би дотроо их л баярлаж байсан. Гэтэл тэр дүрээс нэг кадр ч үлдээлгүй хассанд харамсдаг. “Санаж яваарай”-г одоо хүмүүс муу гэдэггүй, хэрвээ хасагдаагүй байсан бол ямар сайхан кино байх байсан гэж бодно.
-Таны бас нэг дүр “Загийн алим”-ын Ханбүргэдийн дүр?
-Кино үйлдвэр дээр “Санаж яваарай”-гийн зургийн засвар, дууны засвар гээд байсхийгээд дуудуулна. Яаж энэ “там”-аас салдаг юм билээ гэж сүүлдээ бодоход хүрлээ. Яг тэр үед “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”-г найруулдаг Жамсранжав “Загийн алим”-ын хоёрдугаар найруулагчийн хувьд, зураач Нямдаваа хоёр надтай Кино үйлдвэр дээр таараад хоёр талаас сугадаж аваад Дамдин найруулагчийн өрөөнд орууллаа. “Нөгөөдөр натурт явна, Дундговийн Их газрын чулуу. Хөнжил пүүгээгээ бэлд, зохиолоо унш, өөр ярих юм байхгүй” гэдэг юм. Зохиолоо унштал нээрээ ч нэг хартай, байж болохоор залуугийн дүр байна. “Санаж яваарай” киноноос болж кино үйлдвэрт өдөртөө хэд дуудагддаг Сэлэнгэсүрэн найруулагч “Чиний ачаар хоёр яс саллаа, чамайг асуухаар өөр кинонд тоглоод хөдөө явчихсаныг чинь хэлнэ” гээд баяртай байж билээ. “Загийн алим”-ын зохиолыг бичсэн Санжийн Пүрэв зохиолчтой радио телевизэд хамтарч “Театр” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Радиогоор ч явдаг, телевизээр явдаг. Мань хүн намайг “Манай Ханбүргэдэй” л гэдэг байсан. Кино урлагт миний бүтээсэн хоёр гол дүр “Санаж яваарай”, Ханбүргэд юм. Жижиг дүрүүд зөндөө бий. Эрдэнэбатын зохиол “Совин” гэж кино байна. “Нохойн зодоон” киноны гол дүрд мөн тоглосон. “Амьдралын нахиа”, “Намар нахиалсан мод”, “Ховор хүмүүс” гээд олон кинонд жижиг сажиг дүр бүтээсэн. Киноны тухай ярихаар Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн найруулагчаа би дурсдаг. Тэр хүнд их баярладаг юм. Тэрээр “Илүү сартай зун” гээд олон гоё киноны эзэн хэрнээ соёлын тэргүүн ч байхгүй хорвоогоос буцсан. Өөрөө бас сайн жүжигчин. “Тойрох хуудас”-т тоглож байсан. Равжаагийн Доржпалам гуайн шавь. Доржпалам гэж тэр агуу найруулагчтай би хамт кинонд тоглож байлаа. Хүмүүс Доржпалам гуайг маш их хүндэтгэнэ. Тэр мундаг хүн шавийнхаа “Ховор хүмүүс” киноны гол дүр Сэрээнэнд тоглосон. Миний бие уг кинонд соёлын төлөөлөгч болж тоглохын зэрэгцээ туслах найруулагчаар явлаа. Хар зүрхний хөх нуурын дэргэд зураг авсан тэр өглөө Доржпалам гуайг сэрээх үүрэг надад оногдов. Хоёрдугаар найруулагч нь Чимиддорж, ассент найруулагч нь Намсрайжав, жүжигчин Бооёогийн аав байсан. Энэ хоёр “Палам багшийг чи сэрээ” гэж хэллээ. Нойрондоо их харам гэдгийг нь би мэднэ. Үүрээр өрөөнд нь ороод “Палам багш аа сэрээрэй, зургандаа гаръя” гэхэд “Өө за за, наад лаагаа асаа, уучлаарай найруулагч аа” гээд босоод ирсэн. Өмнөөс тийрээд унагачих байх гэж бодож байсан би их баярлаж билээ. Урлагт олон жил зүтгэсэн, киноны хүн чинь соёлтой, өөр байдаг юм билээ.
-Та чинь Хүүхэд залуучуудын театрт ажилласан, телевизэд ажилласан. Тэр тухайгаа хуучилбал?
-Нямгаваа найруулагчийн хэлснээр Хүүхэд залуучуудын театрт гурван жил ажилласан. Гурван жүжгийн гол дүрд тоглосон. Д.Гармаагийн “Намайг сонсоцгоо”, Дарамын Батбаярын “Минийх”, Ц.Балдоржийн “Хэрээ”-гийн гол дүр. Нямгаваа, Доржсамбуу хоёрын жүжгүүд. Монгол телевизэд ажилласан маань З.Алтайгийн зөвлөснөөр очсон. Алтайгийн хувьд залуучуудын редакцийн дарга байсан. Намайг шууд найруулагчаар авсан. Бадрах найруулагчийн “Гал” нэгдэлд Авирмэд, Ёолк, Золжаргал, парик Жагаа бид нэг баг байсан. Ёстой нэг сайхан залуучууд байсан даа. Олон нэвтрүүлэг хийсний нэг нь “Хөхөөтэй цаг” юм. Аав нэрийг нь өгсөн юм.
-“Говийн зэрэглээ”-гийн Номин буюу Янживын Оюунцэцэгийн тухай асуумаар байх юм?
-Оюунцэцэг маань 35-хан насандаа бурхан болсон. Угшлаараа Увсын Өндөрхангайн элжигэн халх байсан. Дарханд өссөн хүн. “Гарын таван хуруу”-гийн Сүрэн өөрөө мөн юм. Олон дүүтэй хүн. Найзыг маань хүмүүс их хүндэтгэдэг байлаа. Өөрөө бол их даруу. Цэвэр киноны жүжигчин байсан. Тайзан дээр гэхээсээ кинондоо илүү байсан. Бид хоёр үнэндээ дотно найзууд байлаа. Ямар сайндаа намайг дагуулж орос дэлгүүр орж байсан. Оюунцэцэгийг хүн бүр хүндэтгэдэг учир орос дэлгүүр рүү шууд орно. Ингэж Оюунцэцэгийнхээ хүчинд би хос костюм авч байв. Шинэ жилээр гэр бүлээрээ ирж манайд баяраа тэмдэглэнэ. Аав ээж маань сайхан ааштай даруухан гээд их хүндэтгэдэг байсан.
-Гавьяат жүжигчин И.Одончимэг та хоёр гэр бүл байсан. Анх хэрхэн танилцсан тухайгаа хуваалцахгүй юу?
-Одноо бид хоёр Хүүхэд залуучуудын театрт танилцаж байсан. Түүнээс илүү зүйл ах нь ярьж чадахгүй. Харин хайрт охин Намуундарьтайгаа ойр байдаг. Мөн хөөрхөн зээтэй болсон. Охин маань хүүхдээ аваад манайд ирдэг юм. Аав минь бурхан болоод би чинь ээжтэйгээ байдаг.
-Сүүлд та хэд хэдэн кинонд тоглосон, шоронгийн атманы дүрд тоглосон байх шүү?
-О.Бат-Өлзийгийн гурван кинонд тоглосон. Эхлээд Жамъянсэнгээ хурандаагийн тухай “Нар сарны зааг”, дараа нь “Маш нууц” кинонд, сүүлд “Буруу өрөг” кинонд тоглосон. Гурван дүр маань гурвуулаа шоронгийн атман. “Маш нууц” кинонд яваад иртэл аав “Ямар кинонд явав” гээд асууж байна. “Шоронгийн атман хулгайчийн дүр гэтэл, чи яахаараа Бат-Өлзийгийн кинонд дандаа тийм дүрд тоглодог юм. Ямар бодолтой чамайг ингээд байна” гээд жаахан дургүйлхэв. Тэгэхээр чинь жүжигчин хүн чинь юу ч болно, үхнэ сэхнэ, хулгайч, атман, алуурчин, жанжин юу ч болно л гэлээ. Харин би “Буруу өрөг”-т тоглосныхоо дараа Бат-Өлзийдөө хэлсэн. Би дахиж чиний кинонд ийм дүр бүтээмээргүй байна гэхэд “Зориг оо, би чамайг муухай харцтай, муухай төрхтэй гэж хэлж байгаа юм биш. Энэ дүрийг бодоод зохиолыг нь уншихаар чи л чадна гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм, тэгээд найзыгаа урьж байгаа юм. Энэ гол дүр биш ч гэсэн юу илэрхийлэх гээд байгааг нь өнөөдрийн хувьд чи л гаргаж чадна, чи нүдээрээ, бие сэтгэлээрээ чадна, түүнээс би найзынхаа мууг үзэх гэж байгаа биш” гэж хэлсэн.
-Хошин шогийн гавьяат Туяа найз маань хэлж байж би соёлын тэргүүн болсон гэдэг дээ?
-Хүмүүс намайг чинь бараг л гавьяатаа очиж ав гэж загнах нь холгүй л байх юм. Одоо чинь шагнал шүүлэг гэдэг чинь тийм болчихсон юм уу, хаашаа юм. Хөөе, миний юмыг өгөөдөх гээд очдог болсон юм уу. Гэхдээ хүмүүсийг тэгж хэлэхэд дотроо баярладаг. Муу санасандаа биш, намайг авчихаасай гэсэндээ тэгж хэлж байгаа байх л даа. Авах ёстой гэж олон хүн урам өгдөг. Би болохоор энэ тал дээр аавыгаа дуурайсан хүн. Манай аав юмны араар суудаг, их даруу хүн байсан. Хүмүүс хөөцөлдөөд аваад байх юм. Хоёр гуравхан кинонд тоглочихсон, жүжигт тоглоогүй, телевизэд өөрийн гэсэн уран бүтээл хийгээгүй нөхдүүд гавьяат болоод байх юм. Үндсэндээ хошин шогт тоглож марзганаж байгаад гавьяат авчихсан залуус байна. Би тэдэнд атаархаж байгаа юм биш. Юм хийгээгүй байж тэр цолыг авна гэдэг хүнддэх вий дээ гэж хардаг. Баянцагааны Баатар гэж дэндүү шударга найз маань байлаа. Тэр хүн гавьяатыг буцааж өгье гэж хэлж байсныг ард түмэн мэднэ байх. Баатар маань намайг хүндэтгэнэ. Баатар гэснээс Баатарын нэг жүжгийн гол дүр буюу галзуу хүний дүрд би дуу оруулаад, тэр жүжиг нь Японд болсон олон улсын наадамд шилдэг найруулагчийн тэргүүн шагнал аваад, мандаж л байлаа. Баатар шагналынхаа мөнгөнөөс надад өгөөд л, би найзынхаа яриаг зурагтаар гаргаад л. Сайхан он жилүүд байж дээ. Ингээд дурсаад байвал мөн ч олон хүний тухай ярьж болно.