Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь баривчилжээ. Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Үүнээс гадна өнгөрсөн шөнө хулгайн гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороонд суух 47 настай эрэгтэй М-ийн сууцны вакум цонхны салхивчийг эвдэж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд суух 21 настай эрэгтэй А-нь хулгай хийх гэж байхад нь үйлдэл дээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн илрүүлж, шалгаж эхэлжээ.