Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад болно. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлал шинэчлэлтийг илтгэх “On the Move” буюу “Нүүдэл” үзэсгэлэнг гаргаж, дэлхий дахинаа сурталчлах гэж байна.
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг Монголын Үндэсний музейд түшиглэн явуулж буй аж. Соёлын сайд Ч.Номин Катар улсад дэлгэх үзэсгэлэнгийн түр дэглэлттэй танилцаж, үзэсгэлэнгээр Монголын уламжлалт аж ахуй, соёлыг илэрхийлэх, нүүдэлчдийн байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл, соёлын өвөрмөц онцлогийг дэлхий дахинаа илүү тусган харуулахыг зорьж буйгаа илэрхийллээ.
Улмаар соёлын өвийн аюулгүй бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, олон улсын болоод Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд бэлтгэл ажлыг бүрэн хангахыг ажлын хэсгийнхэнд сануулав.
“Нүүдэл” үзэсгэлэнд дэлхийн таван орны нэр хүндтэй музей хамтран оролцох бөгөөд Монгол Улсаас Монголын Үндэсний музей, Уран зургийн галлерей үзмэрээ илгээнэ гэж Соёлын яамнаас мэдээллээ.