Categories
мэдээ спорт

Нутаг буцсан “АЗАРГАН ЧОНО”

Цас мөстэй, сэрүүн уур амьсгалтай Миннеаполис хотын “Миннесота Тимбер­вулвс” буюу “Миннесотагийн чононууд” хэмээх НБА-гийн багууд дотроо дундуур хавьцаа бичигддэг нэгэн баг бий. Арав гаруй жилийн хугацаанд ухаан муут удирдлага, алсын хараагүй зохион байгуулалт, драфтын сугалааны азгүйтэл гээд гадна дотнын нөлөөнөөс шалтгаалан нэг л гундуухан байгаа баг юм. Харин өнгөрөгч улиралд “Миннесота Тимбервулвс”-ын нэгэн цагийн бэлгэ тэмдэг болон гялалзаж явсан Кевин Гарнетт найман жил өөр багт аваргын бөгжний төлөө зүтгэж явснаа буцан ирснээр шинэ цагийн эхлэлийг тавьсан гэхэд болно. Тэд бараг л анх удаа драфтын сугалаанд од нь гийж номер-1-ээр Карл-Энтони Таунсыг авч чадлаа. Холбогч Рубио гэмтлээсээ салж Уильямс мэтийн залуус нь үлгэр жишээ болох хүн хажууд ирэхэд шал өөр болоод ирэв. Гэхдээ бид энд “Миннесота Тимбервулвс”-ын багийнхны тухай биш тэдний “азарган чоно” Кевин Гарнеттын тухай өгүүлэх гэсэн юм. Учир нь энэхүү эр энэ сар гараад нэлээд хэдэн амжилтын эзэн болоод байгаа. Тухайлбал:

“Денвер”-ийн эсрэг тоглох үедээ авсан хамгаалалтын оноогоо нэмээд НБА-гийн түүхэн дэх хамгийн их өөрийн самбараас бөмбөг авсан сагсчин болов. Уг нь Карл Мэлоуны 11406 гэдэг тоо эхэнд бичигддэг байсан бол Гарнетт түүнийг 11409 болгож цаашид ч ахиулсаар байна.

26000 оноо авсан 15 дахь тоглогч боллоо.

“Мемфис”-тэй тоглосны дараа сагсан бөмбөгийн талбайд 50000 минут өнгөрөөсөн тав дахь мэргэжлийн тоглогч гэж нэрлэгдэж эхэллээ.

39 настай Гарнетт 21 дэх улирлаа НБА-д өнгөрөөж байгаа бөгөөд түүнтэй адил ийм удаан хугацаанд тоглосон сагсан бөмбөгч Элвин Хэйс, Карим Абдул Жаббар, Карл Мэлоун, Кидд гэсэн дөрвөн хүн бий. Хэрэв тэр дахиад нэг жил тогловол үнэмлэхүй “өндөр настан” болно.

Ийм нэгэн “тосон гялгар хар” арьстай, ялахын тулд өрсөлдөгчөө хазахад бэлэн, НБА-гийн түүхэн дэх хамгийн чалчаа, бусдыг өдөгч, тэмцэгч, бүх байрлалд тоглож чаддаг, авьяас билгийн цогц болсон жинхэнэ “азарган чоно” төрөлх багтаа эргэн ирээд тоглож байна. 1995 онд драфтын дараалалд таван номероор “Миннесота Тимбервулвс” –т анх сонгогдон ирэхдээ уламжлал ёсоор дээд сургуулиас биш шууд л дунд сургуулийн ширээний араас босч мэргэжлийнхэнтэй нэгдэн нэгэн ёсны шинэ сонголтын үүдийг нээж байсан Гарнетт Миннеаполис хотын багт 11 жил тасралтгүй үнэнч зүтгэсэн. Хэдийгээр улирлын шилдэг тоглогчийн шагнал, шидэг хамгаалагчийн шагнал зэрэг хувь хүнд олгодог “одонгуудыг” зөндөө зүүсэн ч гэлээ НБА-гийн аварга гэдэг цолыг “Миннесота Тимбервулвс”-тай хамт авна гэдэг бүтэшгүй гэдгийг ойлгон 2007 онд “Бостон”-д очиж “Их гурвал”-ыг бүрдүүлснээр хүссэн цолоо авсныг уншигч олон мэдэж л байгаа. Түүний дараа “Бруклин Нетс”-т хэсэг тоглоод 2015 оны эхээр “Миннесота Тимбервулвс”-дээ эргэн ирлээ. Тэр хуучин багтайгаа хоёр жилийн хугацаатай найман сая ам.долларын гэрээ хийсэн бөгөөд ийм цалинг “тэтгэврийн дээд хэмжээ” гэж хэлдэг. 21 жил НБА-д тоглохдоо ойролцоогоор 320 орчим сая ам.долларын цалин авсан хүнд мөнгө чухал биш шүү дээ. Тэр зүгээр л хайртай багтаа чадлаараа тусалж зодог тайлах гэж л ирсэн юм. Түүнийг хэн бэ гэдгийг найзууд нь, дасгалжуулж байсан багш нар нь их гоё тодорхойлсон байдаг юм.

Мэйсон Плампли “Би анх мэргэжлийн сагсан бөмбөгч болсон жилээ хууччуулын бичигдээгүй дүрмийг мэдэхгүй будилж өгдөг байлаа. Хувийн онгоцоор анх удаа нисэх гэж байгаа хүн бусдаас түрүүлээд орж суугаад үйлчлэгчийн санал болгосон хавчтай бялууг амтархан идэж байтал ах нар ороод ирлээ. Кей Жи над руу муухай харснаа миний бялууг Эванст өгч намайг үйлчлэгчийн оронд бусдад хоол унд түгээлгэсээр байтал онгоц газардаж билээ”

Дэнни Эйнж “Кей Жи бусдаас нэг л өөр хүн шүү дээ. Эмзэг мөртлөө хатуу. Ширүүн зантай юм уу гэтэл хүн бүхэнд туслах гээд гүйгээд байна. Бид нэг удаа Ром хотод бэлтгэл хийж байлаа. Кей Жи бэлтгэлийг бүрэн дуусгаад баахан торгуулийн шидэлт хийж байгаад 45 минут хэртэй талбай тойрч гүйх юм. Тэгээд дараа нь “шинэкоов” Рондогийн бөмбөгийг дөхүүлж өгөөд зогсчихлоо. Багийн лидерүүд хэзээ ч ийм хар ажил хийдэггүй шүү дээ”

Жо Абунассар (Гарнеттын хувийн дасгалжуулагч) “Бид хоёр нэг удаа Лос-Анжелест бэлтгэл хийхээр очлоо. Зааланд Чонси Биллапс, Харрингтон, Тай Лю, Раффин гээд томчууд байх юм. Тэгээд цүнхээ онгойлгож хувцсаа өмсөх гэтэл бүх оймсоо мартаад ирснээ ойлгов. Кей Жи буцаад гарвал буруу ойлгоно гээд оймсгүй баахан тоглосон. Хэдэн цаг тоглосон юм бүү мэд, их л удсан юм даг. Хүмүүс явсны дараа гутлаа тайлахад хөлийн хуруунууд нь энд тэндгүй хагарчихсан, улавч нь бөөн цус болчихсон байж билээ”

Тайрон Лю(Кливлендийн дасгалжуулагч) “талбай дээр байлдаж байгаа том дуутай эрчүүдийн ихэнх нь бусдын анхаарлыг өөртөө татахыг эрмэлзэж буй хүмүүс байдаг бол Кей Жигийн хувьд шал өөр. Тэр хэн нэгнийг өдөж хашгирч байгаа бол тэр багийнхнаа зоригжуулах, өрсөлдөгчөө мохоох, өөрийгөө хурцлах гэсэн чин зорилготой. Бид хоёр тэдний гэрт Пафф Дэддигийн шоуг үзээд сууж байлаа. Баахан залуус гарч ирээд түүнийг дууг дуурайж бусад оролцогчдыг хэл амаар доромжлохыг тэр хараад тэссэнгүй, “Тэмцээч, хариуг нь өгөөч” гээд хашгираад байсан. Тэгээд уурандаа гэрийнхээ ханыг цөм мөргөж билээ. Тэр бол тэмцэгч.

Брайан Склабрини “2008 оны улирлын тоглолтын өмнө бид Италид очиж бэлтгэл хийсэн юм. Рим хотод буудалдаа ойртох үед костюм зардаг хүн гудамжинд таараад. Гарнеттад тэр хувцас, тэр хүн хоёр таалагдсан юм уу яасан юм бүү мэд багийн гишүүн бүрт гурав гурван костюм өөрөөсөө мөнгө гаргаад худалдаж авч өгч билээ.”

“Миннесота Тимбервулвс”-ын цорын ганц од Кевин Гарнеттын тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *