Categories
гадаад мэдээ

Нөхрийнхөө эсрэг төрийн эргэлт хийсэн Грэйс Мугабе

Зимбабвегийн Ерөнхийлөгчийн гэргий Грэйс Мугабе “ордны” төрийн эргэлт хийж нөхрийнхөө эрх мэдлийг булаан авсан талаар “The Guardian” сонинд уржигдар онцолжээ. 2014 онд манай гаригийн хамгийн өндөр настай төрийн тэргүүнээр тодорсон Роберт Мугабе өдгөө 91 настай. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлж тайзнаас буухдаа унаж бэртсэнээс өдгөө ч бие нь сайнгүй байгаа гэх. Тухайн үед төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн 30 бие хамгаалагчийг нь халж байсан гэдэг. 1987 оноос хойш төр барьж байгаа Р.Мугабе өнгөрсөн онд Африкийн холбоог даргалах болсон юм. Тус холбоонд 54 орон багтдаг байна. Католик шашинтан тэрээр багш мэргэжилтэй, “Зимбабвегийн Африкийн Үндэсний холбоо хөдөлгөөн-Эх оронч фронт” намыг үндэслэн байгуулсан. Р.Мугабег дотоодод төдийгүй олон улсад хүний эрхийг байнга зөрчдөг, авлигыг цэцэглүүлж, улсаа эдийн засгийн гүн хямралд оруулсан гэж буруутгадаг билээ. 2013 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Мугабе дахин ялалт байгуулсан бол эрх баригч нам нь хэдийнэ 2018 онд болох дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлчихсэн байв.

Харин тайвнаар төрийн эргэлт хийж улсынхаа бүх эрх мэдлийг гартаа авсан Грэйс Мугабегийн талаар Зимбабвегийн сөрөг хүчний тэргүүн Морган Цвангирай байр сууриа илэрхийлжээ. “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн”-ий удирдагч М.Цвангирай “50 настай Грэйс Мугабе улс орноо удирдах ажлыг дуртайяа гүйцэтгэж эхэллээ. Энэ нь ч дээр байх. Ядарч сульдсан Ерөнхийлөгчийг хэн орлох бол гэсэн бодолд автсан Засгийн газрын гишүүдийн нэг нь ч болтугай улс оронд маань тулгараад буй асуудлуудыг шийдэхэд нэмэр болог” гэжээ. Сүүлийн хэдэн жил хатагтай Грэйс Мугабе улс төрийн тавцанд байнга гарах болж, улмаар ард иргэдийнхээ дунд нэр нөлөөгөө бататгаад байв. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрх баригч “Зимбабвегийн Африкийн Үндэсний холбоо-Эх оронч фронт” намын дэргэдэх эмэгтэйчүүдийн лигийн тэргүүнээр томилогджээ. Харин нэг сарын өмнө бие нь сайжраагүй байгаа нөхөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр авч өгөхөө мэдэгдсэн юм. Улмаар нөхөр нь бүх хүчээ шавхан улсаа цааш удирдахад нь тус дөхөм болно” гэж мэдэгдэж байсан ч нөхрийнхөө эсрэг босч ийн төрийн эргэлт хийжээ.

ГРЭЙС МУГАБЕ ГЭГЧ ХЭН БЭ?

Грэйс Мугабе нь 1965 онд Маруфу хотноо мэндэлжээ. 1996 онд тус улсын тэргүүн хатагтай болсон юм. Урьд нь тэрээр агаарын зэвсэгт хүчний нисэгч, харин одоо Хятад дахь Зимбабвегийн ЭСЯ-ны цэргийн атташе Стэнли Гореразатай гэрлэж байжээ. Грэйс уг гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй. Мөн төрийн тэргүүн Роберт Мугабегаас нэг хүүхэдтэй юм байна. Р.Мугабегийн анхны эхнэр Солли Хэйфроныг таалал төгссөний дараа тэд нижгэр тансаг хурим хийсэн нь дэлхийн хамгийн ядуу буурай орон гэгдэх тус улсын Ерөнхийлөгчийг олон улсын зүгээс нэлээд шүүмжилсэн юм.

Грэйс Мугабе нь 2014 онд Зимбабвегийн их сургуульд социологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гэх. Гэвч энэ нь эргэлзээтэй аж. Учир нь докторын сургалтад бүртгүүлээд хоёр ч сар болоогүй байхад зэрэг хамгаалсан нь “хуурамч” доктор гэж нэрлэгдэхэд хүргэжээ.

Мөн докторын зэрэг горилсон диссертаци нь ч байдаггүй байна. Европын холбоо болон АНУ Роберт Мугабегийн дэглэмд голлох үүрэгтэй түүнийг хар дансандаа оруулсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *