Жуковын талбайд өчигдөр Баянзүрх дүүргийн хэмжээний жижиг, дунд үйлдвэрлэгчид үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнг дүүргийн Засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулжээ. Энэ талаар сурвалжлахаар очлоо. Нөгөө л монгол дээл, эсгий тавчик, арьсан улавч, бэлэг дурсгалын сувинерүүд лангуу бүрд дэлгээстэй харагдав. Гоц гойд, ашиг өгөхөөр, хүмүүс худалдаад авчихаар шинэ бүтээгдэхүүн харагдсангүй. Хөл хөдөлгөөн ч алга. Бүтээгдэхүүнээ дэлгэсэн үйлдвэрлэгчид “Орлого муу, юм худалдаж авах хүн ховор байна” гэцгээж байлаа. Баянзүрх дүүргийн XIX хорооны иргэн Л.Цэцэг-Өлзий “Өглөөнөөс хойш нэг ч юм зарсангүй. Хүмүүс ганц нэгээрээ ирээд үнэ асуучихаад буцаад байна. Ер нь эсгий улавчийг гадны жуулчид л их авдаг юм. Эсвэл гадаадад хүүхдүүд нь байдаг хүмүүс худалдаж аваад явуулдаг. Манайх “Цагаан алт” дэлгүүрт улавчаа худалддаг юм. Жуулчид ирж эхэлж байгаа учраас сардаа арваас хорин ширхэгийг борлуулчихаад байна” хэмээн ярив. Үзэсгэлэнд дэлгэсэн бараануудыг сонирхож явсан Г.Энхмэнд “Сонирхохоор шинэ юм байхгүй болохоор хэн ирэх вэ дээ. Дэмий цаг үрсэн ажил болчихлоо. Арай шинэлэг, хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна. Бас чанар дээрээ анхаарах хэрэгтэй. Би өнгөрсөн жил монгол түрийвч авсан юм. Гэтэл энэ жил хэрэглэх аргагүй болчихсон. Эндээс авах юм гэвэл гутал л байна. Гэхдээ их үнэтэй юм. Гаднаас орж ирсэн гуталнууд илүү хямдхан байгаа шүү дээ” гэж саналаа хуваалцлаа.
Үзэсгэлэнгээс тэр гээд онцолчихоор бүтээгдэхүүн хайгаад олсонгүй. Уг нь төрийн дэмжлэгийг жил бүр хүртдэг хэсэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид. Тэдэнд хэдэн тэрбумаар нь хөнгөлөлттэй нөхцөлтэй мөнгө зээлдэг. Гэтэл үр дүн нь нэг иймэрхүү. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд нэг хүн дор хаяж дунджаар 30 сая төгрөг зээлдэг гэсэн статистик бий. Үүнээс ч их хэмжээний мөнгө зээлсэн үйлдвэрлэгчид байгаа. Энэ бол бага мөнгө биш. Хүн амынхаа тоогоор нийслэлд дээгүүрт давхидаг Баянзүрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид лав онцлохоор зүйл хийгээгүй нь дэлгэж тавьсан бүтээгдэхүүнээс нь л илт байна. Зохион байгуулалт нь муу болсон уу, эсвэл манай жижиг, дунд үйлдвэрлэгчид ийм сэтгэлгээ муутай, залхуу болсон юм уу гэж чамлангуй ярих хүмүүс ч олон таарсан юм.
Хуруу зай, машины шил арчигчаас эхлээд хүмүүст хэрэгцээтэй маш олон бүтээгдэхүүн бий. Эрэлттэй, гаднаас доллар зарж авчирдаг ийм бүтээгдэхүүнийг дотооддоо хийж яагаад болохгүй гэж. Эрэлт нь бэлээхэн байгаа бүтээгдэхүүнийг хийгээд зарвал сардаа арван углааш зарж авдгаас их мөнгө олох нь тодорхой. Өчнөөн төгрөг зарж дэмждэг жижиг дунд үйлдвэрлэл эсгий углааш, модон тоглоомноос хэтрэхгүй байгаагийн өөр нэг шалтгаан нь төслийн шалгаруулалт. Зах дээр борлуулагддаггүй, зуны гурван сард жуулчид л сониучирхаж авдаг улиг болсон бүтээгдэхүүнд дахин зээл өгөхөө больчих хэрэгтэй. Харин зах зээл дээр эрэлт ихтэй, хийлээ л бол шажигнатал борлуулагдчихдаг бүтээгдэхүүн хийх төслийг л дэмжинэ гэчихвэл илүү бодитой дэмжлэг болно. Малын гаралтай арьс шир, эсгийгээр ч гэсэн маш олон төрлийн хэрэгтэй зүйл хийж болдог. Мал аж ахуй эрхэлдэг гадны улс орнууд арьс ширээр түмэн зүйлийн хүнд хэрэгтэй зүйлийг үйлдвэрлэдэг гэсэн. Тухайлбал, саяхан Унгер улс үндэснийхээ баяраар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг гаргажээ. Энд арьс ширээр хийсэн хэдэн мянган төрлийн хүнд хэрэгтэй, сонирхолтй зүйл хийж бодлогийг харуулсан гэсэн.
Х.Цэнд