Өрх бүр мод тарьж, орчноо сайжруулахад хувь нэмэр оруулах Монгол Улсын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра өнөөдөр илэрхийллээ.
Тодруулбал, Монгол орны цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэн бүрийн тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой “Өрх бүр-Шинэ мод” төслийг хэрэгжүүлэхэд НҮБ хамтран ажиллахаар болов.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар НҮБ-ын төрөлжсөн 8 байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ой менежмент зэрэг салбарт 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, “Иргэн бүр мод тарих санал, санаачилгыг талархан хүлээн авч байна. Ногоон Монголыг бүтээхэд бид ч мөн гар бие оролцож, бүх талаараа дэмжин ажиллах болно. Мөн аялал жуулчлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, усны асуудлаар тавьсан Засгийн газар, салбарын яамны саналыг НҮБ-ын холбогдох газруудад хүргүүлж хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулах”-аа өнөөдөр БОАЖЯ-нд болсон уулзалт дээр илэрхийлэв.