Categories
гадаад мэдээ

НҮБ: “Лалын улс” 1600 хүнийг “амьд бамбай” болгож болзошгүй

МОСУЛ. /Kyodo/. Иракийн хоёр дахь том хот болох Мосул орчмын нэгэн тосгоны 1600 орчим оршин суугчийг “Лалын улс” бүлэглэлийнхэн Мосул хотын дүүрэг рүү хүчээр аваачсан гэж НҮБ-ын албаны хүн хэлээд, “тэднийг амьд бамбай болгох гэж байж болзошгүй” гэж анхаарууллаа.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани баасан гарагт мэдэгдэхдээ “Мосул хотоос өмнө зүгт орших нэгэн тосгоны оршин суугчдыг энэ долоо хоногийн мягмар гарагт ачааны машинаар Мосулаас баруун зүгт холгүй орших Тал-Афар дүүрэгт аваачсан” гэв.

Тал-Афар нь Мосул болон Сирийн Ракка хотын хооронд оршдог аж. Ракка хотыг босогчид өөрсдийн тунхагласан лалын халифт улсынхаа нийслэл гэдэг билээ.

Мөн “Лалын улс”-ынхан 9-өөс дээш насны хөвгүүдээ өгөхийг оршин суугчдад тушаасан гэсэн мэдээлэл байна. Хөвгүүдийг босогчид өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх гэж байгаа бололтой. Хэрвээ хөвгүүдийг өгөхгүй бол ар гэрийнхнийг нь хүйс тэмтэрнэ гэж босогчид заналхийлжээ.

Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг өнгөрсөн сараас явуулж эхэлсэн Иракийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн мягмар гарагт тус хот руу нэвтэрсэн юм. Иракийн армийнхан өчигдөр Мосулын зүүн хэсгийн зургаан дүүргийг чөлөөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *