Categories
гадаад мэдээ

НҮБ-ын шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тангараг өргөлөө

НҮБ-ын шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр тангарагаа өргөлөө. Энэ үеэр тэрбээр дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ амласан юм.

Антонио Гутерреш энэ удаад ийнхүү тангарагаа өргөсөн ч шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа буюу ирэх таван жил НҮБ хэмээх том байгууллагыг албан ёсоор тэргүүлэх эрх үүрэг нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Түүний хувьд Португалийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан болон НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ албан тушаалд нэг удаа улиран сонгогдсоноор 10 жилийн турш дэлхийн Засгийн газрыг амжилттай удирдаж ирсэн. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр эцэс болно. Пан Ги Мун өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс тавьсан илтгэлдээ өнгөрсөн ажил, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, түүнийг залгамжлах дараагийн хүн олон улсын өмнө тулгамдсан тоо томшгүй их сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Түүний итгэл найдварыг алдалгүй орыг нь залгамжлах Антонио Гутерреш тангараг өргөх үеэрээ дэлхий нийтийн асуудал болсон уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт их өсөлт, хоол хүнс, ундны усны хомсдол нь дэлхий ертөнцийг тогтворгүй болгож байна гээд яриагаа цааш нь үргэлжлүүлэхдээ “НҮБ-ын хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хүчин чармайлт нь гишүүн орнуудын идэвхтэй оролцоо, иргэний нийгмийнхний тусламж дэмжлэггүйгээс болоод үр дүнгүй байгаа талаар цохон тэмдэглэлээ.

Мөн цагаач, дүрвэгчдийн хяналтыг чангатгахыг уриалж байгаа АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын үйлдлийг онцлон дурдаад, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авахад хойрго хандаж байгаа үйлдлийг нь шүүмжиллээ. Учир нь дэлхий нийтийн асуудлыг бид хамтдаа, хамтын хүчээр шийдвэрлэх ёстой гэдгийг тэрбээр сануулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *