Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн II хороо хуралдаж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд тус хорооны хэлэлцэж буй зарим асуудлаар үг хэлж, манай улсын байр суурийг танилцуулав.

Тэрбээр хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад Хоёрдугаар хорооны оролцоо чухлыг онцлоод Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлагыг холбогдох баримт бичгүүдэд тусгахыг эрхэмлэж буйгаа илэрхийлэв.
Хоёрдугаар хороогоор хэлэлцэх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд Монголын төлөөлөгчид ач холбогдол өгч буйг тэр мэдэгдэж, тогтвортой хөгжлийн загвар, хүлэмжийн хийг бага ялгаруулах эдийн засагт шилжихээр Монгол Улсын Их Хурлаас баталсан Ногоон хөгжлийн бодлого, түүний ач холбогдлын талаар ярьж танилцуулав.
Улаанбаатар хотноо өнгөрөгч 6 дугаар сард болсон “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурал Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх үйл явцад түлхэц үзүүлэх ач холбогдолтой болсныг Г.Ганболд тэмдэглэв. Мөн ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийг бүрэн ажиллагаанд оруулахын тулд тус төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орох, батламжлахыг ДГХБО-уудад тэр уриалав.
Австри Улсын нийслэл Вена хотноо ирэх 11 дүгээр сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын НҮБ-ын Хоёрдугаар бага хурлаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй олон чухал асуудлыг хэлэлцэж, дараагийн 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны цогц хөтөлбөрийг гаргана хэмээн найдаж байгаагаа мөн илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *