Categories
мэдээ нийгэм

“Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” сургалт боллоо

“Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” сургалт-семинар өнөөдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн байранд эхэллээ.Тус сургалтыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулж байна.

Ноос ноолуурын үйлдвэрийн гол түүхий эдээс 36.3 мянган тонныг үйлдвэрлэж байгаагийн 71 хувь нь ноос, 24 хувь нь тэмээний ноос, 5 хувь нь ямааны ноолуур байгаа аж.

ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг ярихдаа: “Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улс эдийн засгаа төрөлжүүлэх, ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал байдаг. Гэхдээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхээсээ илүү дизайн, өнгө, брэндингийн асуудал чухал” гэв.

Мөн “CBI олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай багш нарын баг европын зах зээлийг судалсан. Ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эд нь animal friendly буюу амьтны амийг бүрэлгэдэггүй гэдгээрээ том давуу талтай. Орчин цагт амьтны амийг бүрэлгэдэг түүхий эдийг “sustainable” биш гэж үздэг болж байна. Тийм учраас манай ноос, ноолуур бол эко бүтээгдэхүүн юм. Хоёрдугаарт бэлчээрийн мал ахуйгаас гарч буй гэдгээрээ онцлогтой.

Тийм учраас ийм түүхий эдээр өргөн хэрэглээний бараа, БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах нь хайран. Тийм учраас Европын зах зээлийг судалсан. Бид дундаас дээшээ буюу тансаг хэрэглээний зах зээл рүү орж, ноос, ноолуураа үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулах нь чухал байна гэж харж байна.

Монголд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 орчим үйлдвэр бий. Үүний 10 нь том, бусад нь жижиг үйлдвэрлэгчид. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гүйцэтгэх технологийн хувьд манайх дэлхийн түвшинд хүрсэн. Гагцхүү дизайн, өнгөний тал дээр үнэхээр манайх дутагдалтай. Европын зах зээлийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн өнгө, загвартай бүтээгдэхүүнийг манайх үйлдвэрлэж чадахгүй байна.

Хоёрдугаарт брэндинг, маркетингийн асуудал чухал. Манай бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчид яагаад авах ёстой вэ, ямар үнэ цэнэтэй вэ, сэтгэлд нь юу хоногшуулах вэ гэдэг асуудал чухал. Уг нь бидэнд байгаа зүйл боловч түүнийгээ брэнд болгож чадахгүй байна.

Гуравдугаарт, “Монгол” гэдэг брэндийг төр нь нэгдсэн бодлогоор бий болгох чухал. Яг л Япон чанар гэдэг шиг. Байгаа сайн зүйлээ малгай болгож, үүнийхээ доор жижиг үйлдвэрлэгчид нь олон улсын зах зээлд гардаг нэгдсэн концепциор хөгжихгүй бол болохгүй гэсэн үндсэн асуудлыг өнөөдөр бид ярьж байна” гэсэн юм.

ШУТИС-ийн багш, доктор Д.Баярмаа өөрийн илтгэлдээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн Европын зах зээлд ямар маркетинг, стратегитай ажиллах талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Гадныхан Монгол гэхээр мэддэггүй. Бид тэдний хувьд маш алс хол. Ноос, ноолуур гэхээр Непал, Австрали, Шинэ Зеландыг сайн мэддэг. Тиймээс Монгол гэдгээ хамгийн түрүүнд маш сайн таниулж брэнд гаргах нь чухал. Говь нутгийг Испани, Италийн дизайнерууд шошго дээрээ ашигладаг.

Мөн гаднынханд бидэнтэй хамтран ажиллаж байсан туршлага байдаггүй. Бид өөрсдийгөө яаж байршуулах ёстой вэ гэдэг нь их чухал болж байна.

Түүх бүтээх нь дараагийн чухал асуудал. Үзэсгэлэн худалдаан дээр компаниуд брэндийнхээ түүхийг бүтээж, гол баатраа илүү товойлгодог. Гол баатар нь нийлүүлэгч, компанийн эзэн, түүхий эд нь ч байж болно. Гол баатар нь асуудлыг шийдвэрлэсэн байх хэрэгтэй.

Тухайлбал, “Naadam” компани маш хүчтэй түүх бүтээсэн. Адал явдал хайсан хоёр Америк залуу 2 сая ам.доллартай Монголд ирээд малчдаас ноолуурыг нь боломжийн үнээр худалдаж авч ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Малчдад ч ашигтай, тэдэнд ч ашигтай бизнес гэдэг утгаараа маш хүчтэй түүх бүтээсэн. Бид өөрсдөө түүх бүтээгээд давуу талаа ашиглахгүй бол өрсөлдөгчид аль хэдийнээ үүнийг ашиглажээ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *