Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан 58 худалдаачин тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн хөгжлийн ордны ар талд барьж, номын худалдаачдад хүлээлгэж өгсөн.
Тус худалдааны төв нь 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгааны асуудлыг ердийнхөөс тав дахин хэмнэлттэйгээр шийдэж өгсөн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан. Харин худалдаачид байрны ашиглалтын төлбөрөө өөрсдөө төлж, гаднах талбайгаа тохижуулахаар болсон юм. Энэхүү худалдааны төвд хуучны ховор номуудыг зарж байгаа төдийгүй ажлын байр дулаахан, тохилог учир үйлчлүүлэгчид ам сайтай байгаа гэдгийг худалдаачид хэлж байлаа.