Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Үр хүүхдэдээ зориулах үдэш бүрийн үлгэрүүд

“Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакциас “365 үдэш” үлгэрийн номыг хэвлэн худалдаанд гаргажээ. Энэ нь, үр хүүхдэдээ үлгэр ярьж, үлгэрийн гоо зүйгээр тэднийг хүмүүжүүлдэг байсан уламжлалыг сэргээх зорилготой “Жангар” редакцийн хамт олны хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн тун ч чамбай ном болсон байна. Тухайлбал, номд нийт 365 үлгэр, 800 орчим зураг чимэглэл, мөн оньсого, дуу, шүлэг багтсан ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн бүтэн жилийн “оюуны талх” гэж хэлж болох юм. Мэдээж хэрэг үлгэр бүр өөр өөр ертөнц. “365 үдэш” номд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, ихэвчлэн богино хэмжээтэй ажээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг. Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцах боломжтой юм байна. Мөн үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхэд аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог гэнэ. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авах болно. Энэхүү номын зураач, техник редактор Б.Мөнхтөр “Номыг бүтээх явцад, үр хүүхдэдээ чин сэтгэлээсээ үлгэр уншиж өгч буй аав, ээж, хүүхдүүдийн баяр бахдал нэвт гэрэлтсэн тунгалаг гэнэхэн нүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал бүхэн нүдэнд төсөөлөгдөөд байлаа” хэмээн ярьж байв. Үлгэр бүр тухайн өдөрт зориулагдсан хуанлитай бөгөөд түүний дагуу уншвал хүүхдэд цэгцтэй мэдлэг болно хэмээн ном бүтээгчид үзэж байгаа юм. Энэ өдрийн үлгэр (тавдугаар сарын 21) номын хуанли ёсоор “Муур багш” хэмээх үлгэр таарч байна. Ингээд, үлгэрийг товч сийрүүлэн өгүүлье.

Нэгэн ламтан муур тэжээдэг байжээ. Тэгтэл мөнөөх муур нь хулгай хийх болж. Нэгэн удаа эзнийхээ хөөргийг хулгай хийхэд ламтан арай хийн хөөргөө эсэн мэнд олж авчээ. Бас нэгэн өдөр муур ламтны эрхийг хулгайлаад нүх рүү шурган зугтах гэтэл ламтан сүүлнээс нь зуурахад муур айсандаа сүүлээ тас татан зугтжээ. Ингээд муур гэрээсээ хөөгдлөө. Гэвч энэ нь муурны хувьд завшаантай хэрэг болж, олон хулгана цугладаг газарт муур оромж бариад эзнийхээ эрхийг зүүж суух болов. Хулганууд түүнийг тойрон сониучирхах үед муур хэлж гэнэ. “Та нар надаас битгий ай. Би бол муур багш байна. Амьтны амийг тэвчиж, ариун номыг та нарт зааж өгье” гэж. Тэгтэл хулганууд зөвшөөрч муур багшлах болов. Гэвч хулганууд цөөрч байгааг оготнуудын хаан мэджээ. Тэд багшаа хардах болсны гол учир нь муурын ялгадас их үс ноостой байж гэнэ. Тиймээс хулганууд муур багшаа сорьж түүнд чимэг болгон хонх зүүж өгчээ. Хичээл дууссаны дараа бүх хулгана хаалгаар цувран гарахаар тохирч гэнэ. Гэтэл хулгануудыг гарах үед муурын хонх дугарч, хулганууд сэрэмжлэн эргэж харвал хамгийн сүүлийн хулганыг барьж аваад идэж байжээ. Ингээд мэргэн хулганууд Муур багшийнхаа үнэн төрхийг мэджээ.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *