Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Саран хөндий

Дахин дахин үзээд ч уйддаггүй хуучны сайхан кино шиг номууд бий. Жэк Лондонгийн “Саран хөндий” тийм л зохиол. Зохиолчийн ур чадвар уншигчийг татна. Эсвэл юу ч үгүй хоосон хос залуус мөрөөдлийнхөө хүчээр өөрсдийнхөө Саран хөндийг олоод, аз жаргалтай амьдарсан эгэл түүх, америк мөрөөдөл сэтгэл эзэмддэг ч байж мэднэ. Залуу хосын танилцсан түүхийг догдлон уншиж, гэрлэх үеийн аз жаргалыг нь хамтдаа мэдэрч, зовлон гунигийг нь шимшрэн уншиж, мөрөөдлөө олсон баяр жаргалыг нь хамт амтлах дэндүү кайфтай. Билл, Саксон хоёрт байгаа юм гэвэл сайхан бие, хүч чадал, мөрөөдөл, залуу нас л байдаг. Магадгүй хамгийн том баялаг энэ ч байж магадгүй. Индүүчин ажилтай сайхан бүсгүй Саксон мөрөөдлийнхөө залуутай бүжгэн дээр таарсан нь тэрэгчин дээр нь бас боксчин байсан Билл байлаа. Эхэндээ тэд байр тавилга түрээсэлж, өөрийн гэсэн орон гэртээ аз жаргал амтална. Саксон нь индүүчний ажлаасаа гарч, гэртээ суун, гэр бүлээ аз жаргалтай байлгах бүхнийг хийнэ. Нөхрийнхөө хайрыг хадгалж үлдэхийг хүссэн түүнд шинэ хөрш Мерседес авгай олон юм ухааруулдаг. Том аж ахуйтныд төрж өссөн Мерседес амьдрал үзсэн хүн гэнэ. Цагтаа цалгиж, харчуудыг сөхрүүлж явсан тэрбээр эрчүүдийг эрхэндээ байлгах жорыг Саксонд зааж өгнө. “Эхнэр хүн олон эмэгтэйг төлөөлж чаддаг байх ёстой. Хэзээд шинэ, хэзээд өөр байж чадах хэрэгтэй. Үргэлж өглөөний шүүдэр шиг гялалзаж, хэзээ ч гандан үжирдэггүй ганган цэцэг шиг байх хэрэгтэй. Хайр дурлалын цэцэрлэгт могой гэж бий. Нэр нь уйдал. Энэ могойн толгой дээр гишгэж байхгүй бол цэцэрлэгийг чинь сөнөөнө. Хэзээд илэн далангүй байх хэрэггүй. Эр хүнтэй суугаад, төгс ялалтад хүрлээ гэж боддог эмэгтэйчүүд тэнэг. Санаа амарч, таргалж, өнгөө алдан гашилж бишдээд сүүлдээ хаягддаг улс” гэх мэтээр эмгэн сургамжилдаг нь эмэгтэйчүүдэд сонирхолтой зөвлөгөө байх болов уу.Саксон ч ухаалаг эмэгтэй учраас Биллийнхээ хайрыг хадгалаад аятайхан амьдарч чадах ч төлөвлөгдөөгүй асуудлууд гэнэт гарч ирнэ. Хотыг бүхэлд нь хамарсан ажил хаялтын дүйвээнд бяцхан орлого нь хумигдаж, хямдхан хөлстэй ажлын төлөө яс булаалдсан ноход шиг хэмлэлдэхэд хүрнэ. Билл нь танигдахын аргагүй өөрчлөгдөж, хүн амьтантай зодолдож, “урвагчдыг” хашраах ажилд оролцох болжээ. Хажуу өрөөндөө суусан эрийг зодсоноор нөхөр нь сар баривчлагдахад хүрнэ. Эмэгтэй хүн хэвлий дэх үрээ алдсандаа баярлана гэдэг тартагтаа тулсны шинж. Ажил хаялтын үеийн мөргөлдөөн, зодоон нүдээн, алаан хядаан хөл хүнд бүсгүйн нүдний өмнө өрнөж, хүүхдээ алдахад хүрнэ. Зүсэм талхны төлөө тэмцсэн тэр хар бор өдрүүдэд хүүхэд тэжээх гэдэг хүнд ачаа болох байлаа. Эцэст нь Саксон амьдралаа, хайр дурлалаа аварч үлдэхийн тулд Оклендаас явах шийдвэр гаргана. Окленд бол замын зөвхөн эхлэл болохоос төгсгөл биш гэдэг үг түүний сэтгэлд хадагджээ. Биллийг гэртээ ирэхэд хоёулаа ярилцаж, пүүгээгээ үүрээд замд гарцгаана. Хөдөө нутагт очиж газар авч, аж ахуй эрхэлж амьдрахаар шийдэцгээжээ. Замд гармагцаа Америкт суурьшиж, орон зайгаа эзэлсэн португальчуудын газар эзэмших хэв маягийг нүдээрээ харж, шинэлэг маягаар аж ахуйгаа эрхэлж, ихээхэн орлого олдог Мортимер авгайтай танилцсан нь тэднийг цаашдаа өөрөөр амьдрахад хэрэг болно. Португальчууд алга дарам газрыг ч арчилж тордож ашиг авахаа мэддэг бол Билл морины талаар мэдлэгтэй хүн. Тэрбээр сүйрч байгаа бяцхан фермд, эзэн өвгөнд тусалж газар хагалж хонохдоо “Малыг зөв арчилна гэдэг ашиг олно гэсэн үг шүү дээ. Хөгшин адуу ажилд муу мөртлөө их идэхийг нь яана. Энэ өвгөний морьд өгөөжгүй болж, өвгөнийг өөрийг нь цөлмөж байна. Хот газрын морьдоор хичнээн их юм хийлгэдгийг санахад эднийх дэндүү чамлалттай” гэж хэлдэг. Газар, малын ашиг шимийн тухай энд өгүүлэгдсэн санаа манайханд ч хамаатай нь лав. Билл нь хоёр ч удаа боксын рингэнд ялалт байгуулж, явган гарсан хоёр маань мөрөөдлийн сүйх тэрэг, хос морьдоо өөрийн болгоно. Замдаа тэд найз нөхөдтэй ч болно. Энэ бүхэн нь Саран хөндийгөө олоход тус болдог. Мөрөөдлийн газраа замд үзсэн харсан, сонссон дуулсан мэдлэгээ ашиглан ашигтай зохион байгуулж чаддаг. Одоо тэд ажилчин хүмүүс биш ажилчинтай хүмүүс болжээ.Тэд амьдралаа аварч чадсан төдийгүй хайр сэтгэл нь ч шинээр нахиална.

Энэ бол үнэхээр урам зориг өгдөг зохиол. Амьдрал дээр үнэхээр ийм мөрөөдөл биелэх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *