Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Паулын гудамжны хөвгүүд”-ийн тухай товчхон

Бага насны хөвгүүдийн үнэнч хийгээд чин шударгуу үерхэл нөхөрлөлийн тухай гайхам сайхан, бас багахан уйтай түүхийг өгүүлсэн нэгэн ном хэвлэгдэн гараад удаагүй байна. Унгарын зохиолч Ференц Молнарын “Паулын гудамжны хөвгүүд” хэмээх багагүй алдартай бүтээлийг Л.Энхтуул монгол хэлнээ орчуулан гаргажээ. Уг номд XIX зууны сүүл үеийн Будапештийн сургуулийн сурагч хөвгүүдийн амьдрал ахуй, зан араншин, нийгмийн байдал зэргийг тун бодитойгоор дүрслэн үзүүлсэн хэмээн утга зохиол судлаачид дүгнэдэг аж. Тийм ч учраас энэ ном зөвхөн Унгартаа төдийгүй дэлхийн олон оронд орчуулагдан гарчээ. Номын үйл явдал энгийн л нэг мэт авч эрхгүй хөтлөн явсаар амсхийх завгүй уншаад дуусдагт л энэхүү бүтээлийн нууц оршино. Товчхондоо өсвөр бага насны хөвгүүдийн хоёр өөр бүлэг өөрсдийн тоглох тоглоомын талбайгаа авч үлдэхийн тулд хэрхэн тэмцэл өрнүүлж байгаа тухай уг номонд өгүүлнэ. Гранд хэмээх нэртэй газар нь хөвгүүдийн тоглох дуртай, нэг ёсондоо тэдний эзэмшил газар. Харин эндэхийг ахмад болон дэслэгч нар захирна. Өсвөр насны хөвгүүд өөрсдийн дундаас ахмадаа сонгож, байгуулсан гавьяа зэргээс шалтгаалан цэргийн зэрэг дэв ахих билээ. Харин Грандын ахмад дэслэгч нар ганцхан цэргийг захиран үүрэг даалгавар өгөх бөгөөд тэрхүү цэрэг эр нь уг зохиолын гол баатар шаргал үст, бяцхан Немечек буюу. Тэд яг л жинхэнэ цэргүүд мэт зохион байгуулалттай. Грандын хил хязгаар дотор байхдаа хэд ч тааралдсан заавал ёсолно. Харин бяцхан Немечек байнгын бэлэн байдалд байх ёстой. Нэгэн өдөр Паулын гудамжны хөвгүүдийн цайз болох Грандад эсрэг бүлгийн ахлагч болох Фери Аш ирснээр өмнө өгүүлсэн салж эс чадах үйл явдал өрнөдөг. Өөрсдийн эзэмшилд “харийн этгээд” ирсэн нь хөвгүүдийг зоримог алхам хийхэд хүргэх бөгөөд ахмад Бока цэрэг Немечекийн хамтаар эсрэг талынхаа эзэмшил тоглоомын талбай руу алдсан тугаа эргүүлэн авах, мөн “Бид ч бас та нарын эзэмшил талбайд байсан” гэсэн хариу барихаар явна. Энэхүү тагнуулын ажиллагаа нь их сүртэй, сэтгэл догдлуулан өрнөнө. Тагнуулын ажиллагаа явагдаж байхад цэрэг Немечек санамсаргүй хүйтэн усанд унасан нь түүнийг хатгалгаа авахад хүргэнэ. Номын төгсгөл хэсэгт болох хоёр бүлгийн “байлдааны” үеэр цэрэг Немечек эцсийн удаа бүлэгтээ өөрийн цэргүүддээ асар том тусыг хүргэх болно. Бас Паулын гудамжны хөвгүүдийн дундаас эсрэг бүлэг рүү урвасан урвагч ч гарах бөгөөд энэхүү нууцыг тагнуулд явсан ахмад Бока болон цэрэг Немечек нар л мэднэ. Гэсэн хэдий ч тэд харсан нууцаа хэнд ч хэлэхгүй. Ер нь уг номд болж байгаа үйл явдал нь хэдийгээр бага насны хөвгүүдийн хооронд болж байгаа боловч нээрээ жинхэнэ ахмад ийм байдаг байх даа, жинхэнэ тулалдаан нэг иймэрхүү байх болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Тулалдаан Грандад өрнөх бөгөөд эсрэг бүлэг болох “Улаан цамцтанууд” довтлон ирнэ. Харин Грандыг ахмадын уран нарийн тактикаар ямартаа ч хамгаалан гарах хэдий ч цорын ганц цэрэг болох Немечек өмнө хэлсэн хүйтэн усанд унаж хатгалгаа авснаасаа болж хөвгүүдээ, найз нараа үүрд орхин оддог. Немечекийн эцэг оёдолчин бөгөөд ядуугийн эрхэнд хүүгээ хүнд өвчинд идүүлэн үхлийн ирмэг дээр байхад ч асарч чадахгүй байгааг энэ номонд зүрх шимширтэл дүрслэн гаргасан байх юм. Өнөөдрийг хүртэл анхны үнэ цэнээ огтхон алдаагүйгээр үл барам дахин дахин хэвлэгдэн гардаг энэхүү номыг орчуулсан Л.Энхтуулд дахин талархууштай. Уншигч та энэхүү бүтээлийг заавал уншаарай. Мөн өсвөр насны гэлтгүй хүүхдүүддээ ч мөн адил заавал уншуулаарай гэж хэлэх байна.

Я.БАЯРБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *