Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Монголын цөмийн ирээдүй” ном хэвлэгдэв

Монголын нэртэй дипломатч Урианхан Жаргалсайханы хүү Энхсайханыг гадаад харилцааны салбарт мэдэхгүй хүн цөөн. Ж.Энхсайханы “Монголын цөмийн ирээдүй” ном уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа шинэхэн бүтээл. Номын зохиогч НҮБ-ын дэргэд улсаа төлөөлсөн Байнгын төлөөлөгчөөр цөөнгүй жил үр бүтээлтэй ажиллажээ. Түүний номонд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн онцгой статусын тухай өгүүлсэн төдийгүй ерөөс цөмийн аюул хүйтэн дайны үед хэрхэн бодитой нүүрлэж байсныг баримтаар өгүүлсэн нь нэн сонирхолтой. 1962 оны Карибын булангийн хямрал, Ирак, Ираны асуудал, Сири, БНАСАУ-ын эргэн тойронд өрнөж буй олон улсын улс төрийн олон сонирхолтой сэдвийн хөшгийг нээсэн баримтуудыг уг номноос уншиж болно. “Монголын цөмийн ирээдүй” номонд “Олон улсын хяналтын системийн ажиллагаа, бэлэн байдал нь 2013 оны хоёрдугаар сарын 12-нд БНАСАУ цөмийн зэвсгийнхээ гурав дахь туршилтыг хийхэд тодорхой харагдсан. Туршилтыг Олон улсын хяналтын системийн чичирхийллийн 94 станц болон нил авианы хоёр станц мэдэрч, мэдээллээ ЦЗТБХГ-ний Олон улсын мэдээллийн төвд шууд дамжуулсан байдаг. Тэрхүү механизмын ачаар гишүүн орнууд цөмийн зэвсгээ туршсан тухайгаа БНАСАУ албан ёсоор мэдэгдэхээс нэг цагийн өмнө мэдээллийг авсан байв” хэмээн орчин үед олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлуудын талаар дурджээ.

Зохиогч номынхоо эхэнд “Нутагтаа цөмийн зэвсэггүй, мөн атомын цахилгаан станц, цөмийн ганц ч реакторгүй улсуудад ч цацраг идэвхт туяаны аюул тохиолдохыг үгүйсгэх аргагүйг энэхүү номонд харуулахыг хичээв” хэмээн бичжээ. Мөн хүйтэн дайны үед Монгол оронд цөмийн аюул хэрхэн заналхийлж байсныг “Зөвлөлт-Хятадын харилцаа үл итгэх, дайсагнасан шинж чанартай болж эхлэх үед 1966 онд Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан найрамдлын гэрээний дагуу ЗХУ 1967 онд өөрийн зарим цэрэг, зэвсэг техникийг Монголд оруулж байрлуулсан. Чингэхдээ Хятадын цөмийн зэвсгийн холбогдолтой ажиллагааг Монголын нутгаас тагнаж байх зорилгоор Улаанбаатарын ойролцоо Богд ууланд “Синега“ хэмээх чичирхийллийн тусгай станц (36 барилга байгууламж бүхий цэргийн 20 дугаар хотхон) байрлуулж Хятадын Лоб Нор дахь цөмийн туршилтад хяналт тавьж байв. Мөн Монголын өмнөд хилийн орчим “Горизонт” экспедиц хэмээх Хятадын Цзюцюанийн пуужингийн полигоны цөмийн цэнэгтэй болон дунд тусгалын баллистик пуужингийн туршилтыг радио техникийн аргаар тагнаж байв. Хэрэв ЗХУ, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах байсан бол Монгол Улс нэг талынх нь холбоотны хувьд түүнд татагдан орох байсан нь 1970-аад оны үеэс ЗХУ, Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулиудын зорилго, зорилтоос ч тодорхой байв” гэж бичжээ.

Олон улсын харилцаанд сүүлийн үед шинэ хандлага гарч, хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн хөөцөлдөөн дахин идэвхжих магадлалтай болсон. Энэ шинэ цаг үед манай хөршүүдийн бодлого байр суурь, цөмийн аливаа асуудлаас ангид байх гэсэн манай улсын өөрийгөө хамгаалах бодлогын тухай дипломатч Ж.Энхсайхан чухал саналуудыг “Монголын цөмийн ирээдүй” номондоо шигтгэжээ.

С.АЛТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *