Олонхи монголчуудын хувьд махгүй бол хоол биш. Махны соёлтой монголчуудын мэддэг мөртлөө бас мэддэггүй энэ хүнсний тухай сонирхолтой мэдээллүүд агуулсан нэгэн номыг саяхан амтархан уншлаа. Английн “Dorling Kindersley” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан зохиолч, илтгэгч, махны эксперт Николас Флетчерийн бүтээл “Мах хоолны ном”-ыг албан ёсны эрхтэйгээр “Монсудар” хэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргасан байна лээ. Уг номд олон үндэстний 300 гаруй махтай хоолны жор бий. Харахад л арааны шүлс асгармаар хоолны зурагтай. Амттай хоол хийхээсээ өмнө мах тойрсон асуудлуудтай гүнзгий танилцах боломжийг энэ ном олгодог. Номын зохиолч нь мах хэмээх гайхалтай хүнсийг 40 гаруй жил судалсан нэгэн юм билээ. “Хэрэв бид мах идэхээр сонгосон бол түүнийг хэрхэн бэлтгэдэг, юуг нь ч хаялгүй, зөв харьцаагаар хэрэглэх талаар мэддэг байх хэрэгтэй” хэмээн зохиолч өгүүлжээ. Тэрбээр махыг бэлтгэх болон хоол хийх явцад хэрхэн хувирдгийг судалжээ. Тэгэхээр энд бичсэн гайхалтай жорны цуглуулга руу шууд дайран орохын өмнө махны тухай үндсэн ойлголтыг авах боломжтой. Тавагтай хоол тань амттай байх эсэх нь махны гарал үүсэл, малын идэш тэжээл, бэлчээр тэр ч бүү хэл малыг төхөөрөхдөө цочроосон эсэхээс ч шалтгаалдаг юм байна. “Махыг бэлтгэсэн нөхцөл нь сэтгэлд сэвгүй санагдаж байгаа бол амтархан идэж болно, үгүй бол идэхгүй байсан нь дээр” хэмээн зохиолч сануулжээ.
Бэлтгэсэн нөхцөл гэдэг маань юу билээ. Хүчит тэжээлийн оронд бэлчээрийн өвс ургамал идэж, түүнийгээ удаан хугацаагаар хивж боловсруулсан малын махны шимт чанар хүмүүст илүү үнэ цэнэтэй гэдэг нь нэгэнт тогтоогджээ. Учир нь илчлэг ихтэй хүчит тэжээл нь малын махны өөхийг муу болгон хувиргадаг гэнэ. Барууныхан өөхийг “үзэн яддаг” нь үүнтэй холбоотой бололтой. Бэлчээрийн малын махны ашиг тусыг тэд ойлгож эхэлсэн байх нь. Энэ номд малын махнаас гадна ангийн мах, гахай, тахианы махны тухай мэдээлэл бий. “Харамсалтай нь өдгөө ихэнх гахай, шувууг битүү байранд өсгөж байна. Эдгээр амьтад гадаад ертөнц гэж юу байдгийг мэдэхгүй. Мөн олон улс оронд хүчит тэжээлээс гадна антибиотик, өсөлтийг түргэтгэгчээр тэжээж буй. Зөвхөн гахай, тэжээвэр шувуунаас гадна үхрийн эрчимжүүлсэн аж ахуйд ч зарим эмийг хэрэглэж, махны өртгийг бууруулдаг. Хүнсний үйлдвэрлэлд антибиотик хэрэглэх нь байж боломгүй. Өсөлт эрчимжүүлэгчтэй махаар өөрсдийгөө, үр хүүхдээ хооллох хэрэгтэй гэж үү” хэмээн зохиолч асуужээ.
Ихэрлэдэг хонь, хонгоны хос булчинтай үхэр гэх мэтээр олон үүлдэр бий болгож, гахай, тахиаг эрчимжүүлсэн нөхцөлд зохицон, өсч үржин, ашиг шим өгч байхаар хувиргасан нь дэвшил хэмээн тооцогдож байсан ч өдгөө малын олон өвчин дээрх үржүүлгийн үр дагавар болжээ. Олон оронд хэрэглэгчдийнхээ шахалтаар малын арчилгаа маллагаанд ихээхэн өөрчлөлт хийх болсон гэнэ. Харин бид ямар шаардлага тавьдаг билээ. Энд бас нэг чухал зүйлийг онцлох хэрэгтэй болов уу.
Амьтны зан авирын талаар хийсэн судалгаанд үндэслэн фермерүүд өөрсдийн тэжээдэг амьтдыг хэвийн бойжуулах, зөөлөн тээвэрлэж, зовлон багатайгаар төхөөрөхөд анхаардаг болсон гэнэ.
Дарамтгүй хэвийн бойжсон мал, амьтны ашигт гарц их байдаг. Малыг төхөөрөх үед хямрааж цочроож цохиж гэмтээсэн бол мах нь гашуун эсвэл исгэлэн амттай болдог гэнэ шүү. Ялангуяа эрчимжсэн аргаар өсгөсөн гахай туйлын амархан цочдог юм байна. Хэт олноор нь тэжээх нь амьтдад тусгүй, агаар салхи огт үзүүлэхгүй байх нь бүр буруу.
Махны гарал үүслийг мах бэлтгэгчээс лавлах учиртай юм байна. Манайхныг бодвол баруунд махны гарал үүслийг сайтар мөшгидөг тогтолцоотой. “Богтос шаант боолын хоол” гэж монголчууд ярьдаг бол бүр эсрэгээрээ коллагены агууламж өндөртэйг нь энэ номд дурдсан байна лээ. Энэхүү багахан зайд бүхнийг багтаах боломжгүй ч 320 хуудастай “Мах хоолны ном” бүгдийг мэдэхэд туслах буй за.