Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Криштиан Роналду “Төгс болох хүсэл”

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин, аваргуудын лигийн аварга, Английн премьер лигийн аварга, Испанийн Ла лигийн аварга Криштиан Роналдугийн тухай өгүүлэх “Төгс болох хүсэл” номыг энэ удаа онцоллоо.

Зохиолч Лука Кайоли “Төгс болох хүсэл” номны эхний бүлэгтээ дэлхийн шилдэг тамирчин Криштиан Роналдугийн гайхалтай түүх хэрхэн эхэлсэн талаар өгүүлжээ.

Дөрвөн настайгаасаа л арьсан бөмбөгтэй найзалсан Роналду долоон настайдаа төрөлх Мадейра арлынхаа “Андоринья” буюу хараацай гэх даруухан багтай гэрээ байгуулж байсан аж. Тус клубт хоёр улирлыг өнгөрүүлсэн Роналдуг баг нь 20 ширхэг бөмбөг, хоёр насны багийн иж бүрэн хувцсаар Насьонал руу худалдаж байсан тухай сонирхолтой түүхүүд энэ номд бий.

Криштиан Роналдугийн онцгой ур чадварыг Португалийн хамгийн алдартай багуудын нэг “Спортин”-гийн скаутууд олж харснаар тэр даруй багтаа элсүүлж байсан гэдэг. Роналду ч 17 нас найман сартайдаа л насанд хүрэгчдийн багт элсэж анхны гоолоо бүртгүүлж од болон гялалзах эхлэлээ тавьж байсан тухай “Төгс болох хүсэл” номд дурджээ. Мөн хүүхэд ахуйдаа хожим дэлхийн шилдэг тамирчид болцгоосон Рикардо Каурежма, Данни нарын шилдгүүдтэй хамт “Спортин”-г клубт тоглож байсан тухай сонирхолтой түүхийг бичжээ.

Мөн Английн шилдэг клуб “Манчестер Юнайтед”- ын бүрэлдэхүүнд домогт дасгалжуулагч Сир Алекс Фергусоны удирдлагад бүтээсэн хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх гайхалтай амжилтуудынхаа талаар дэлгэрэнгүй хүүрнэжээ. Тэр дундаа 2008 оны Москвагийн бороотой үдэш аваргуудын лигийн цомыг анх удаа өргөж байсан талаарх түүх хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татах нь дамжиггүй.

Энэхүү бүтээлд зөвхөн ялалт бус Роналдугийн хөлбөмбөгийн замналд тохиолдсон гашуун дурсамж, ээдрээтэй үйл явдлуудын талаар ч өгүүлсэн нь бий. Тэр дундаа 2005 онд ДАШТ-ний урьдчилсан шатны тэмцээний хүрээнд Португалийн шигшээ баг ОХУ-тай тоглохын өмнөхөн Роналду аавыгаа өөд болсон мэдээг сонссон ч “Би харихгүй, талбайд гарна. Очлоо гээд аав минь босоод ирэх биш” гэж сэтгэлээ чангалаад эх орныхоо төлөө гарч байсан зэрэг амттай түүх энд бий.

Тэрчлэн 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцэээний шөвгийн наймд Англи болон Португалийн шигшээ багуудын тоглолтын үеэр Роналду “Манчестер Юнайтед” клубт хамтдаа хүчин зүтгэж байсан У.Руунитэй муудалцаж, түүнийг талбайгаас хөөлгөж Англичуудын хараалыг барж байсан талаараа ч бичиж үлдээжээ. Дээрх үйл явдлын талаар “Би шүүгчид нөлөөлдөг хүн биш. Тухайн үед хожихын тулд шүүгчид болсон үйл явдлын талаар тайлбарласан төдий. Би Роналдуг хөөлгөөгүй” гэж тэмдэглэжээ.

Үүссэн нөхцөл байдлыг “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сир Алекс Фергусон хэрхэн намжаасан зэрэг хөшигний ард өрнөсөн үйл явлын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Мөн мисс Ирина Шейктэй үерхэж байсан зэрэг ногоон талбайн гаднах амьдралынхаа талаар ч тэмдэглэжээ.

Номын сүүлийн бүлэгт тухайн үедээ хамгийн өндөр үнээр буюу 80 сая фунтээр Английн “Манчестер Юнайтед”-аас Испанийн Эзэн хааны баг “Реал мадрид”-руу зарагдсан тухайгаа, танилцуулгын үеэр “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд 80 орчим мянган хүн цугласан зэрэг сонирхолтой дурсамжуудаа тэмдэглэсэн нь бий.

Өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Роналдугийн баялаг түүх намтрын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн энэ бүтээл хөлбөмбөгийн хорхойтнууд болон энэхүү спортоор хичээллэж буй хэн бүхний номын тавиурт залрах нь лавтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *