Дунд сургуулийн сурагч байхдаа химийн хичээлд төдийлөн сайн байгаагүй ч сонирхол бол байж. Гэсэн ч химийн шинжлэх ухаанаас тэс хөндлөн мэргэжил эзэмшсэн учраас тэгсхийгээд мартагдсан байх нь. Харин “Нэпко”-гоос гаргасан “30 секундэд” гэх цувралд химийн тухай, химийн онцлох 50 элементийн тухай тайлбар бүхий номыг 2016 онд хэвлэн гаргажээ. Бага сага ч болов уг шинжлэх ухаанд сонирхолтой байсан учраас “Хими: 30 секундэд” номыг авч уншиж үзсэн юм. Танин мэдэхүйн талаас үнэхээр хүртээмжтэй өгөөжтэй ном аж. Туйлын ойлгомжтой, энгийнээр тайлбарласан учраас сургуульд сурдаг хүүхдэдээ гэлтгүй эцэг эхчүүд өөрсдөө ч эргүүлээд харчихад гэмгүй. Оросын суут химич Д.Менделеев бодисын үелэх системийг нээхэд ямар нэгэн зайлшгүй шалтгаан байгаагүй гэх. Харин ингэж системчилж эмхэлснээрээ химийн шинжлэх ухаанд өргөн боломжийг нээж өгсөн байх юм. Мөн уг үелэх систем нь илрээгүй байгаа бодисуудын талаар таамаглал дэвшүүлэхэд ихээхэн түлхэц болжээ. Тухайн номын бүлэг бүрийг судлахад 30 секунд, их удлаа гэхэд гуравхан минут л хангалттай гэж уг номыг зохиогч итгэлтэй өгүүлжээ. Энэхүү ном нийт долоон үндсэн бүлэгтэй. “Шүлтлэг ба газрын шүлтлэг элементүүд”, “Газрын ховор элементүүд”, “Халогенууд ба инертийн хийнүүд”, “Шилжилтийн металлууд”, “Металойдууд”, “Бусад металлууд”, “Металл бус элементүүд” гэсэн бүлгүүдээс та хүссэн зүйлээ олж мэдэх боломжтой. Ер нь угаас химийн гэх шинжлэх ухаан байгаагүйсэн бол ертөнц дахин яг ямархуу байх талаар та бодож үзсэн үү. Хими байгаагүйсэн бол орчлон ертөнц байхгүй. Тэгэхээр энэ ухаан хамгаас чухал, бид өөрсдөө ч энэ талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Бүх л юмс бүрэлдэн бий болохоос эхлээд үгүйрэхдээ ч химийн ямар нэгэн урвалд ордог. Амьдрахуйн үндэс болсон хүчилтөрөгч хамгийн чухал хүчин зүйл билээ. Жишээ нь, хүчилтөрөгч нь грек хэлний хүчил, эх булаг гэсэн үгнээс гаралтай. Анхлан Жозеф Пристли, Карл Вилгелм Шелле нар уг бодисыг нээжээ. Тэгвэл хүн төрөлхтнийг үеийн үед араасаа дагуулж байсан алт гэж чухам юу вэ. Эртний Грекийн шар гэх үгнээс гаралтай алт гэх нэршил бүхий уг бодисыг дор хаяж 6000 орчим жилийн өмнөөс мэддэг байжээ. Алт нь өндөр нягттай учир газрын гүнд, эсвэл алтны бүтэцтэй сүүлт од, солир эх газарт унаснаас үүсдэг аж. Уг металлийг олборлож эхэлсэн бүх л цаг үеийн туршид цуглуулсан нийт алтны хэмжээ ойролцоогоор 8000 куб/метр болсон хэмээх сонирхолтой тооцоо ч бас байдаг юм байна. Алт нь гоёл гангараанаас гадна туйлын сайн дамжуулагч учир орчин үеийн өндөр технологийн үнэт түүхий эд юм. Өнөөдрийн өндөр хөгжилд хүргэсэн бас нэгэн чухал зүйл бол маргаангүй төмөр. Төмөр нь хамгийн тогтвортой элемент бөгөөд цөмийн нэгдэл болон задралд тун тэсвэртэй. Дэлхий гэх гариг дээр хамгийн өргөн тархсан дөрөв дэх элемент ажээ. Төмрийг анхлан хайлуулж боловсруулж зэр зэвсэг хийсэн нь хүрэл зэвсэгтэй зүйрлэх юмгүй хүчирхэг байсан юм. Тиймээс ч төмөр дуулгат Ромын дайчид дэлхийн хагасыг байлдан дагуулж дөнгөжээ. Төмөр таны биед ч оршин бий. Бидний цусан дахь гемоглобин гэх уурагт төмөр агуулагддаг учраас цус улаан өнгөтэй, хүчилтөрөгчийг зөөх чадвартай болдог тухай эл бүтээлд товч тодорхой дурджээ. Өнгөрсөн нэгэн цагт эл бодисоор шил шаазан будаж байлаа. Гэтэл Дэлхийн II дайны үед АНУ “Бяцхан жаалхүү” нэртэй атомын бөмбөгийг бүтээж Японы Хирошима хотод хаясан билээ. Энэ бодисыг уран гэдэг. Уран-235 хэмээх ганц изотопын цөм хамгийн хурдан хуваагддаг бөгөөд цөмийн бөмбөг хийхийн тулд нягтруулсан нь хэрэгтэй юм байх. Харин байгаль дээрх нийт ураны 990 хувийг цөм нь бараг хуваагдах боломжгүй уран-238 хэмээх изотоп эзэлдэг ажээ. Ерөөс эрдэм мэдлэг хэзээ үл багаддаг шиг мөн ирээдүй өөд урагшлах хөдөлгүүр болдог билээ. Ямартаа ч эрхэм уншигч та уг номыг аваад сонирхоод үзээрэй гэж дахин зөвлөх байна. Хэзээ ч уйдаахгүй шүү.
Categories