Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хайрлах л гэж түүнийг би уншжээ


(Б.Ганчимэг “Аав бид хоёр” номноос үүдсэн бичвэр)

“…Миний мөрөөдөл уран зохиол байлаа. Хэзээ ч юм би ямар нэгэн гайхалтай юм бичнэ дээ гэж хөдөөний жирийн нэг суурингийн охин өөртөө шивнэж байсан. Шивнэх биш чангаар хашгирдаг байж…”(“Аав бид хоёр”, 162-р тал)

Бадамдоржийн Ганчимэг. Энэ сэтгүүлч бүсгүй өөрөө өөрийгөө тодорхойлж бичсэнээр “Хичнээн дараад ч оргилж ирээд болдоггүй халуун чанарыг тээж явдаг” нэгэн. Түүний “хайрын дуу” болгон бүтээсэн бидний сэтгэл зүрхэнд эгшиглүүлэх гэж олон арван жил сэтгэлийнхээ гүнд нуусан бодол дурсамжуудыг уншаад уйлж, дуулж, хэн нэгэн баатраар нь бахархан, заримдаа омогшиж, хэзээ ч билээ хаа нэгэнтээ мартчихсан хуучин дурсамжуудаа эрэн тэмтэрсээр зүрхнийхээ чинад нэгэн мөрөөслийг нээн номоо хаав. Сайн ном хүний сэтгэлийн чинад гүн эмзэглэл, оргилсон их хүсэл тэмүүллээр эгшиглэдэг аж.

“…Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов…” (“Аав бид хоёр”, 17-р тал)

Жамыг юутай үнэн хэрнээ яасан яруу бичнэ вэ. Б.Ганчимэг сэтгүүлчийн Аса Д.Дагвадорж аваргатай хөөрөлдсөн ярилцлагыг нийтлэгдсэн цагаас эхэлж монголчууд бүх япончуудын үзэн ядалтыг айдас, бишрэлээр сольж чадсан монгол хүүгээрээ урьд байгаагүй ихээр бахархаж, тийм гэхийн аргагүй агуу хайраар түүнийг хүндэлдэг болсон. Сэтгүүл зүйн салбарын хамгийн хэцүү, хамгийн сонгодог төрөлд “Хатан хаан” нь болж заларсан Бадамдоржийн Ганчимэгийн ярилцлага байсан учраас л Аса аваргын цээжнийхээ алсад удаан нуусан ганцаардал, Монголоо гэх агуу их сэтгэлийг нь тэр ард түмэнд харуулчихсан. Тэр үед монголчууд хамгийн ҮНЭНЭЭРЭЭ байгаа аваргаараа бахархаж омогшсон юм.

“…Яг ийм намраар

Аав минь одсон

Яагаад намраар буцсаныг нь

Бодоод бодоод олдоггүй

Эхлээд модод шарласан

Энд тэндгүй навч хийссэн

Дараа нь шувууд уйлалдаж,

Хяруу унасан…”(“Аав бид хоёр”, 18-р тал)

Нэг л өглөө сэрэхэд одчихсон байж мэдэх аавыгаа хамгийн агуу хайраар тэтгэнэм, би. Төгсгөлд нь гэр минь буй нэгэн замаар аялах бүртээ аавдаа л яардаг. Тэр эглийн эгэл нэгэн гэрт миний аав “Хүү минь ирнэ” гээд л ам дүүрэн яриатай цайгаа чанаж суугаа. Ай тэр л зам. Өдөр бүхэн сэтгэлээрээ туулдаг миний хайртай зам. Төгсгөлд нь гэр минь дүнхийх урт ч гэсэн урамтайхан зам…

“…Шувуу буцах болгонд нэг л насаа өгсөөр

Шулуухан байсан нуруу нь намрын салхинд ганхсаар

Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг

Эх газартаа татагдан аав минь бөхийжээ.

Унах болтлоо их зай байгаа ч юм уу, үгүй ч юм уу,

Усны шувууд дахиад ирэхэд байх ч юм уу, үгүй ч юмуу…”(Х.Чилаажав “Аавдаа би хайртай”)

Х.Чилаажавын дээрх шүлгийн жамаар хувирах үргэлжлэл нь (өнгөрсөн цаг нь) Б.Ганчимэг сэтгүүлчийн аавдаа зориулж бичсэн анхны шүлэг нь аж. Зарим гайхамшигт бүтээлүүд санаандгүй хэрнээ хачин тансаг зохицлыг бүтээдгийн сонгодог жишээ нь аавын тухай мөртлөө жамын дуулал энэхүү хоёр шүлэг юм. Б.Ганчимэг сэтгүүлчийн бичвэр бүхэн нь яруу сайхнаар эгшиглэх хайрын аялгуу мэт. Хайрын дууг зүрхнийхээ чинад анирдах, түүгээр тэжээгдэж ертөнцийн сайхныг харах… Аяа, амьдрал юутай сайхан бэ. Хайрыг мэдрэхүй, мөн чанарыг таних хийгээд жамыг ухаарахуй… бүгд амар амгаланд бий болно. Ийн амар амгаланг сэтгэлдээ бүтээсэн нөхцөлд ухаандаа найдахад гэмгүй буюу. Үнэн гагц амгаланд буй. Мөн чанарыг таниулсанд, сэтгэлийг минь хөдөлгөсөнд, дотоод чинадын мөрөөслийг минь асаасанд… алив бүгдийн тул таны энэхүү номыг бүтээсэнд талархнам. Инжинаш нэгэнтээ: “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун” хэмээсэнд олон зохиолч тэнцдэггүй гэмтэй. Харин эрхэм сэтгүүлч Б.Ганчимэгийн баринтагласан “Аав бид хоёр” ном зүрхний чинадаас нулимс үерлэтэл сэтгэлийн утсыг хөндлөө. Гэвч өрөвдөж бус энэхүү номны баатруудаар бахархаж, сэтгэлийн дайдаас бахархлын нулимс асгарах юм аа. Аяа, Бадамдоржийн Ганчимэг таны бичсэн үгсийн зохицол хүнийг хайрлахын шалтгаан болой!

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *