Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Философийн анхны түүх

“Эрдэм гэгээрэл” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Лаэртын Диогений “Философийн анхны түүх” хэмээх ном өнгөрсөн онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон юм. Энэ номыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь өрнө дахины философийн охь дээж бүтээлийн нэг хэмээн энэ бүтээлийг үздэг. “Философийн анхны түүх” номын зохиогч Диогений амьдарч байсан цаг үе яг таг тодорхой биш ч гэлээ нийтийн он тооллын II-III зууны орчимд гэж таамагладаг. Мөн энэхүү бүтээл нь эрт үед бичигдсэн философийн түүхийн цор ганц бүтээл гэгддэг ажээ. Нийт арван бүлгээс бүрдэх “Философийн анхны түүх” номонд долоон мэргэнээс эхлээд эртний Грекийн суут сэтгэгчдийн амьдрал, сургаж байсан сургааль номлолын талаар тун тодорхой өгүүлсэн болно. Түүх соёлын үнэ цэнэтэй уг номыг судалгааны томоохон бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэн нэгэнд нь тал засаагүй, тун тогтуун өгүүлэмжтэй. Нөгөө талаас энэ ном нь дан ганц эртний Грекийн философийн түүхээс гадна тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, ахуйг тал бүрээс нь гаргаж бичсэн нь нэн сонирхолтой болгожээ. Хэрэв Диоген энэ номыг бүтээгээгүй бол эртний 80 гаран сод ухаантны зохиол бүтээл, үзэл номлол өвлөгдөн ирэхгүй ч байсныг үгүйсгэхгүй.

Бид нийтлэг байдлаар Аристотел, Платон гээд цөөн хэдэн философичдийг л “сайн таньдаг”. Тэгвэл энэ гайхалтай бүтээлд тэр бүр нэр нь дуулдаад байдаггүй ч оюун ухааны сор болсон олон философичдийг багтаасан нь уншихад үнэхээр сонирхолтой. Жишээ нь, Феофраст. Тэрээр Фаний гэх ухаантанд сурган хүмүүжүүлэх тухай бичсэн захидалдаа “Сэтгэлд нийцсэн сонсогч олно гэхэд бэрхтэй. Юм уншихад хичээл зүтгэл хэрэгтэй. Уншихгүй бол залуу насны сэргэг ухаанаа дэмий үрэхийн нэмэр” гэсэн бол “Жолоогүй морь, ухаангүй үгнээс ч илүү итгэлтэй. Цаг хугацаа бол төлж болох хамгийн өндөр төлбөр юм. Таашаал цэнгэл бол өнгөцхөн. Хүн амьдрал гэдгийг амтлаад л буцдаг тул алдар нэрийн хойноос үхэн хатан тэмцэх хэрэггүй” гэж сургаж байв.

Троадын Ликон нь бидэнд төдийлөн танил бус философич. Уг нь тэрээр философийн ертөнцөд тод мөртэй нэгэн. Тэрээр цагтаа сурч боловсорч чадаагүй хүмүүст “Харуусал гомдлоо хөлгүй цэнгэл дунд хүчгүй мөрөөдлөөр урсган живүүлдэг” гэж хэлдэг байж. Карфагены Эрилл хэмээх философич байж. Тэрээр хүний туйлын зорилгыг эрдэм мэдлэг мөн гэж тодорхойлсноос гадна алив бүхнийг шинжлэх ухаантай харьцуулан дүйцүүлж аж төрөх учиртай хэмээн сургаж байжээ. Туйлын ба туслах зорилго нь ялгаатай ба туслах зорилгод хүн бүр тэмүүлэх боломжтой. Харин туйлын зорилгод гагц мэргэн ухаантан тэмүүлнэ. Эрилл гэх энэ хүний бичсэн номууд нь тун товч хэрнээ ер бусын тодорхой, асар гүн агуулга бүхий аж.

Пифагор. Энэ нэрийг харин хүн бүр гарцаагүй мэднэ. Тэрээр хүний түүхэнд төрсөн нэн хурц од байсан билээ. Тэрээр сургаал номлолыг нь хүлээн зөвшөөрсөн болгонтой нөхөрлөсөн юм. Хүүхдээ хэрхэн сайн хүмүүжүүлэх вэ гэх асуултанд “Шударга сайн хууль журамтай тийм л газар хамгаас эрхэм” гэж хариулж. Пифагор, галыг хутгаар сийчиж болохгүй, жинлүүр дээгүүр алхаж болохгүй, амьтны зүрх бүү ид, хүнд ачааг өргөхөд биш буулгахад тусла, ороо хурааж занш, таарсан болгонтой гар барьж бүү мэндэл, харь газар одохдоо эргэж бүү хар гэх зэргээр сургаж байлаа. Эдгээр нь ямар утгатай вэ. Галыг хутгаар сийчихгүй гэдэг нь уур хилэнгээ барьж сурах, жинлүүр дээгүүр бүү алх гэдэг нь тэгш эрх, шударга ёсыг хүндлэх тухай, амьтны зүрх бүү ид гэдэг нь зовлон шаналалд автахгүй байх, харь газар одохдоо эргэж бүү хар гэдэг нь амьдралаас хагацахын цагт битгий харамс, сэтгэл бүү хоргод гэх утгатай сургаалиуд ажээ.

“Философийн анхны түүх” философийг сонирхдог хэн бүхний ширээний ном болохуйц үнэхээр чансаатай ном юм. Уншаад үзвэл илүү олон гайхамшигт зүйлсийг уншиж, нүд нээгдэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *