Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Д.ГАЛСАНСҮХ DNN.mn

Хавтас дээрээ Д.Галсансүх гэж бичсэн болохоор номных нь нэр байх гэж таамаглалаа. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийг монголчууд таних учир энэ удаад түүнийг биш, түүний сүүлд хэвлүүлсэн “Д.Галсансүх” нэртэй улаан, хар хавтастай хоёр номноос харыг нь онцолж хэдэн мөр түүлээ. Энэ хоёр номыг номын сандаа нэмье, бүтнээр нь уншъя гэвэл номын дэлгүүрүүдэд байгаа байх.

Хар хавтастай номондоо шинэ шүлгүүдээ багтаажээ.

…Орчлонгийн сайхан үнэрт минь

Орхиж намайгаа мартаагүй л байгаа даа

…Гэгээн хүмүүс гунигтай амьдралыг

Гэрэлтүүлдэг гэдэгт би итгэдэг

…Хожуулан дээр царцсан нарны туяаг

Хоёулаа гэртээ зөөж оруулъя даа

…Харсаар байтал чинь хаалт торыг нэвтрээд

Хайртдаа очоод ирлээ шүү дээ сэтгэл минь

…Эрх чөлөө гэдэг хичнээн сайхныг

Энэ хойд энгэрт бэлчих хэдэн адуу мал

Эрхлэн наадах хоёр гурван хүүхдийг

Энэ төмөр сараалжин цонхоор хараад ойлгоостой

…Сайхан ааштыг хайрлах

Сайн өвчин тусаад эдгэсэнгүй

…Санаж байгааг тань мэднэм

Санаж байгааг тань мэдэрнэм

…Уулан дээр ч унтаж усны захад уйллаа

Угаасаа бүгдийг нь гүйцээлээ, ханалаа, явлаа

…Хоол бол диваажин мөн гээд голионы авгалдай сорох

Хайруулын таваг шигээ хуучирсан хөгцөрсөн хан үндэстэн

…Шөнийн харанхуй огторгуйд түг түмэн од жирав жирав хийж

Шөнийн ойд захын модны орой зөөлөн салхинд найгасхийн

…Цагаан хэрэм бариулсныг нь ч

Цаашдаа мартуулах ёстой

Цагаан хэрэм барьсан учрыг ч

Цаашдаа бүгд мартах хэрэгтэй…хэмээн шүлэг бүрээс нь ингэж “сугалмаар” мөр олон аж.

Харин “Монгол хүн бүхэнд сонсгох шүлэг”-ийг нь бүтнээр сийрүүлбэл,

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Борооны үнэр, цасны амтыг мэдэрье

Манан буусан ойн зүг ширтэж

Мөнх цаст уулыг харж догдолъё

Ухааны далай өвөг дээдсээ, ээж ааваа бодъё

Уурлаж бухимдахыг тэвчье, үзэн ядахаа больё

Алаг үрсийнхээ инээж хөөрөхийг харж, ач зээгээ үзье

Алдаа эндлийг уучилж ахиж алдахгүй итгэлийг өгье

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Болжморын жиргээ, шулганаа бүх шувууны дууг сонсъё

Салхины сэвшээ, исгэрээ, сэрчигнээг мэдэрье

Сайхан тал хээр, говь нутгаа харж догдолъё

Дэлхийд ховор ёс заншлаа дээдэлж түүхээрээ бахархъя

Даяаршлагдах дэлхийтэй хөлөө нийлүүлж ирээдүйгээ бүтээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *