Categories
мэдээ цаг-үе

Ном унших уу, Кино үзэх үү

КИНО ТӨСӨӨЛЛИЙГ ГҮЙЦНЭ ГЭЖ ҮҮ…

Ном унших уу, кино үзэх үү гээд “сонгууль” явуулбал дүрстэй, дуутай кино нь ялна гэж олон хүн хариулж магадгүй. Гэхдээ хариуг нь шууд хэлэх гэж яарах хэрэггүй. “Юманд учир, суманд гичир бий” гэдэг дээ. “Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад энэ асуултыг тавихад хариулт нь бэлэн байлаа.

-Маш олон ном зохиол кино болж гарсан. Сайн кинонууд бий. Гэхдээ хүмүүс ихэнхдээ “Кино нь номоо гүйцэхгүй байна гэдэг” хэмээн тэр хэллээ.

Яагаад тэр билээ?

Кино урсаад өнгөрдөг, зарим хэсгийг нь ойлгоно, заримд нь эргэлзэнэ. Харин номыг бол уужуу тайван, давталттайгаар уншиж болдог. Телевизийн нэвтрүүлэг үзэх болон сонин уншихад ч энэхүү давуу болон сул тал үйлчилдэг шүү дээ. Дүрс, дуутай “амьд” хэлбэр хүнд илүү хүрэх юм шиг санагдах байх л даа. Кино богино хугацаанд ихийг харуулах ёстой учраас зохиолыг товчилдог. Хүмүүс эх зохиолыг мэдрэхийн тулд номыг илүү “амталдаг”. Ном уншиж байгаа хүний төсөөллийг үнэндээ ямар ч кино гүйцдэггүй шүү дээ. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудыг төсөөлдөг ажээ. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэсэн нь учиртай. Тэрбээр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн юм. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодох явцад хүн өөрчлөгдөнө гэнэ шүү.

Ном унших, уншсанаа мэдрэх, төсөөлж сургахын тулд хүүхдийг багаас нь бэлтгэх учиртай. Хүн ном уншиж сурсан эсэхээс олон юм хамааралтай. Хүүхэд анх зургийг “уншиж” эхэлдэг. Зураг ойлгоно гэдэг хожим хүүхэд уншиж сурах бааз суурь бүрдэж байгаа хэрэг. Зурагт номыг хүүхэдтэйгээ хамт уншиж, ярилцаж, төсөөлөх нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ оруулж байгаа их хувь нэмэр юм.

Хүүхдүүдэд зориулж сэтгэл гаргаж хийсэн зурагт номууд чухал. Харамсалтай нь манайд гадаад номуудын зургийг ихэнхдээ хуулбарлаад тавьчихсан байдаг. Монгол хүүхдэд зориулсан биш, гадаад хүүхдийн сэтгэлгээнд тохируулсан номууд элбэг. Түүнчлэн хүүхдийн номын зургийг гоёчилж хөөрхөн зурдаг. Энэ бол маш буруу хандлага. Дийлэнх нь ийм зурагтай номууд байна. Хүүхдийн жинхэнэ зурагт ном олноороо гарч ирэх хэрэгтэй гэнэ.

“Уншина гэдэг ойлгоно гэсэн үг. Манайхан уншсан номоо ярилцах арга хэмжээ зохиох гэж оролддог. Ном уншаад ярилцах гэхээр зарим нь үйл явдлыг ярих гээд байдаг. Энэ зохиол чамд юу өгөв гэдгийг ойлгох нь ном уншиж сурсан гэсэн үг. Ном уншиж сураагүй учраас ихэнх хүүхэд хичээл номоо цээжлэх хандлагатай байдаг. Гэтэл номыг уншаад март гэдэг. Чи хоол хүнс хэрэглэж байгаатай яг адилхан ном чам руу ордог. Хоол хүнстэй адилхан чамд энерги болж очдог. Ном уншаад ямар нэг юмыг ойлгож, гүн сэтгэгдэл төрүүлсэн бол ном чамд шингэсэн гэсэн үг. Ямар нэг байдлаар хэзээ нэг цагт чиний асуудалд хандах хандлагад нөлөөлдөг. Уран зохиолын номыг ойлгож мэдэрч уншиж сурах гол болохоос биш, олон ном унших чухал биш. Дунд ангид бэсрэг зохиол, сайн өгүүллэгийг задалж унших хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл өгүүллэгүүдийг задалсан хэлбэрээр сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Нэг өгүүллэгийг хүүхдүүдээр задлуулаад маш сайн “зажлуулах” ёстой. Тэгж байж зохиолын утга учрыг мэдэж авдаг. “Ийм байвал яах вэ” гээд хүүхдүүдээр зохиолгох хэлбэрээр уран зохиолын хичээлийг заах нь үр дүнтэй аж.


УНШДАГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ

Ном уншина гэдэг бүтээлч ажил. Заримдаа номоо тэврээд унтаж орхих вий. Нойр хүргэх нь энэ удаа муу биш, сайны жишээнд дурдагдаж байгааг анхаараарай. “Уншдаг хүмүүс урт насалдаг” гэж “Ном унших арван шалтгаан”-ы эхэнд дурджээ. Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнга ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол унтаа байдалд ордог. Хүн мэдлэг боловсрол эзэмшээгүй эрт үед хүмүүс богино насалдаг байв. Харин одоо бол өндөр хөгжилтэй орны хүмүүс жар, далан нас хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санаа нь хөгшрөл, доройтолд ордоггүй нь ном уншиж, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсонтой ч холбоотой гэж үздэг байна. Ном бас “Хамгийн сайн стресс тайлагч” гэнэ. Стрессээс гарахад сонирхолтой, сайн ном тус болдог. Уншиж буй номондоо автаж, өнгөрсөн баларсныг мартаж, шинэ сэргэг бодлууд төрөх нь мэдрэлд сайнаар нөлөөлдөг гэнэ шүү. Мэдээж үгийн баялаг сайжрах гэх мэтээр ном уншихын сайн талуудыг үргэлжлүүлж болно.

ЗУРГААН НАСТАНУУД ҮСГЭН ДОТОР ЗУРАГ “ЦОХИЖ ЯВАА” НОМ УНШИНА

Эрдмийн өргөөний босго алхаж, уншиж сурч байгаа нэгдүгээр ангийн хүүхдэд ямар ном санал болгох вэ гэсэн асуултад “Унших чадварын янз бүрийн түвшинд зориулсан ном гаргаж байна. Нэгдүгээр ангийнхан зарим үсгээ үзэж дуусаагүй байдаг учраас зураг, үсэг хольж уншдаг ном гаргасан” хэмээн тэр тайлбарлав. Унших чадвараар нь нэгээс дөрөвдүгээр түвшин хүртэл ангилаад, түвшин ахих тусам зураг нь багасдаг ном хийж эхэлсэн гэнэ. Хүүхэд бүх үсгээ нүдэлж гүйцсэн үед богинохон тексттэй, зурагтай, хүүхэд өөрөө уншиж ойлгоод баясах хэмжээний ном уншуулах учиртай.

ЗУРАГТ УЧИР БИЙ

Б.Төрмөнх “Мон судар” хэвлэлийн газрын хүүхдийн номын редакцид хүүхдийн номын зураачаар ажилладаг. Дижитал зураг хурц тод өнгөтэй байдаг учраас зарим хэвлэлийн газрууд их ашигладаг. Харин манайх шороон будаг хэрэглэж, уламжлалт аргаар зурдаг. Учир нь шороон будгийн зураг хүүхдэд хаа нэгтээ харсан өнгийг мэдрүүлдэг учраас ийм зургийг хүлээж авахад хялбар. Дижитал зураг хийсвэр өнгөтэй, бодит мэдрэмжийг төрүүлдэггүй. Аав ээжүүд хөөрхөн, хурц, тод өнгөтэй зургийг сонгодог. Энэ бол хүүхдийн биш аав, ээжийн ном болно гэсэн үг. Мэдээж комик номууд дижиталаар зурагддаг. Гэхдээ бага насны хүүхдийн ном дижитал байх нь зохимжгүй. Хүүхэд есөн сартайгаасаа ном үзэх учиртай. Хулдаасан, даавуун, урагддаггүй ном гээд бяцхануудад зориулагдсан номууд олон. Ийм насны хүүхэд номын хуудсыг эргүүлж үзэх нь ном уншсанд тооцогдоно. Насны ангилал тус бүрдээ өөр хэрэглээтэй. Дугуй ирмэгтэй, хатуу хавтастай номууд хоёр настануудад зориулагдсан, амандаа үмхэх зориулалттай эд. Шороон будагтай ном нь гараар зурсан гэдгээрээ ялгардаг. Усан будаг болон гуаш нь ихэвчлэн байгаль дээрх бодит өнгө байдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ зурагт ном сонгохдоо насны онцлогт тохируулна. Номын өнцөгт заасан насны тэмдэглэгээг анхаарна гэсэн үг. Дөрвөн настай хүүхдүүдэд зориулсан зурагт ном байлаа гэхэд энэ насныхан дүрээ, олон өнгийг ялгаж чадаж байна уу гэдгийг бид судалдаг учраас насны ангилал тавьдаг хэмээн Б.Төрмөнх ярьлаа.

ОЛОН ЦАГААР ЗУРАГТ ҮЗДЭГ ХҮҮХЭД НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРОХДОО АСУУДАЛТАЙ

Орчин үед номууд телевиз, ухаалаг утас болон кинотой өрсөлдөх болж байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн бие, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.

Зарим эцэг эхчүүд ой ч хүрээгүй хүүхдээ олон цагаар телевизийн өмнө суулгаж орхидог. Өнөө цагт эмээ, өвөөгийн ярьж өгдөг үлгэр, ээжийн бүүвэйн дууг ухаалаг төхөөрөмжүүд үгүй хийсэн хэмээн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн явуулсан судалгаагаар өнөө цагт дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байгааг тогтоожээ. 1970-аад оны үед дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн зөвхөн дөрвөн хувь нь хэл ярианы сааталтай байлаа. Энэ бол техник технологийн дэвшлийн сөрөг үр дүн.

Судалгаагаар өдөр бүр хоёр цаг ба түүнээс олон цагийг зурагт, компьютерийн өмнө өнгөрүүлдэг хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцохдоо асуудалтай байгаа нь анзаарагджээ. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тогтоогджээ.

Учир нь эцэг эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн гэж эндүүрэн, эсвэл зүгээр л хүүхдээ сатааруулах гэж зурагттай нөхөрлүүлдэг. Үнэндээ бол хүүхэд амьд харилцаан дунд хэл, яриаг суралцдаг шүү дээ. Бусадтай бага харилцаж, ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг талтай.

Тиймээс бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, хамт ном уншиж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд тустай. Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих чухал үе байдаг. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурдаг аж. Ийм хүүхдүүд оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнц бий болгох, ямар нэгэн үлгэрийн гол баатар болж өөрийгөө төсөөлөх зэрэг ургуулан бодох чадвар нь хөгжихгүй орхигддог байна. 0-3 настай хүүхдэд зурагт үзүүлэх, утас хэрэглүүлэхээс зайлсхий хэмээн мэргэжилтэнүүд зөвлөж байна. Дөрвөн настай хүүхэд өдөрт 15-20 минут, таван настай хүүхэд 35-40 минут, 6-7 настай хүүхэд өдөрт нэг цаг хүртэл зурагттай нөхөрлөж болохыг эрдэмтэд зөвшөөрсөн. Гэтэл манай зарим телевизүүд хүүхэлдэйн киногоо өдөрт нэг дор хэд хэдэн ангийг “бөөндөж”, нэгээс, хоёр цагийн турш угсруулж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, аль эсвэл хүүхдийн төлөө анхаардаг гэж хэлэхэд хэцүү л юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *