Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

Баруун аймгуудын нутгаар: 17, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18, 20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна.

Есдүгээр сард буюу ургац хураалтын энэ үеэр нойтон цас орж, хүчтэй салхилан цасан шуурга шуурч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан цаг агаарын аюултай үзэгдэл 1989 болон 2009 онуудад ажиглагдаж байжээ. Тухайлбал, 2009 оны есдүгээр сарын 18-20-нд манай орны ихэнх нутгийг хамарсан аюултай үзэгдлийн улмаас хүчтэй салхи шуурч, агаарын температур эрс сэрүүсэн, газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орж байжээ. Дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод 26.8 мм цас орж байжээ.

Тиймээс бид Монгол Улсын нийт ургацын 60 орчим хувийг хураадаг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга Б.Мөнхтөртэй утсаар холбогдож ургац хураалт хэдэн хувьтай явааг тодрууллаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг ургацаа 22 хоногт багтаан хураах техник, технологийн хүчин чадал бий. Ажил жигдэрчихвэл ургацаа хугацаандаа багтаан хураах боломжтой. Сэлэнгэ аймгийн тариаланчид үеийн үед дотоодын ургацын 60 хүртэлх хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жил ч гэсэн зорилтдоо хүрэхээр ургацаа хаягдалгүй хураан авахын төлөө тариаланчид маань ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд тариагаа хурааж эхэлсэн. Жижиг компаниуд цаг агаарын төлөв байдлыг түр харзнаж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар нойтон цас орно гэж мэдээлсэн байна лээ. Манай нутгаар гайгүй байхаа, муу юм битгий болоосой гээд л залбирч байна. Энэ жилийн хувьд зуншлагын байдлаас хамаараад улаан буудайн болц нэлээд оройтсон. Тачир тариа түрж ургасан талбай мэр сэр байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтыг ангилан хадахаас өөр аргагүй. Ойрын хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарсан. Хүйтрэх нь тариа хураалтад ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Ургац хураалтын үеийн зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргасан. Энэ зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах үүднээс бид тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ургац хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 54.2 хувьтай явагдаж байна. Үүнээс хойших мэдээг нэгтгэн эргэн мэдээлэх болно” гэв

Энэ жилийн хувьд 5, 6, 7 дугаар сарын эхээр монгол орны ихэнх нутгаар гандуухан байсан ч наадмын дараа хур бороо элбэгшиж ган тайлагдаж зуншлага сайхан болсон. Улаан буудайн болц гүйцэх үеэр найман сарын сүүл, есдүгээр сарын эхээр их хэмжээгээр орсон бороо тариа хураалтад нөлөөлж байгаа аж. 2018 онд Монгол Улс 450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гаргажээ. Есдүгээр сарын 5-наас ургацаа хурааж эхэлсэн ч ажил одоохондоо жигдрээгүй. Хүнсний ногооныхоо 15 хувь, төмсний 10 хувийг хураажээ. Жил жилийн есдүгээр сарын 5-7-нд ургац хураалт жигдэрдэг байжээ. Гэтэл тариа хэнзлэн ургасан, цаг агаар таагүй байгаа энэ үед есдүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа хур тунадас орсон нь ургац хураалтын ажлыг 10-15 хоногоор хойшлуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *