Categories
мэдээ нийгэм

“Ногооны худалдаа эрхлэгчид зөвшөөрөгдсөн талбайд худалдаа хийхэд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулахгүй” гэв

Иргэдийг шинэ ургацын ногоо худалдаалахыг цагдаагийн ажилтнууд зөвшөөрөхгүй байгаа талаарх шүүмжлэл сошиалд өрнөөд буй. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир: “Улсын хэмжээнд Алтан намар хүнсний ногооны үзэсгэлэн явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлд зөвшөөрөгдсөн 23 цэгт хүнсний ногоо худалдаалж байна. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид ногооны худалдаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэдэг ташаа мэдээлэл гарах болсон.

Баянгол дүүргийн IV хороо буюу 100 машины зогсоол дээр ногоо худалдаалах цэг байсан. Үүн дээр “Улаанбаатар төмөр зам”-аас зохих зөвшөөрөл өгөөгүй учир УБТЗ-ын хамгаалалтын алба болон ногооны худалдаа эрхлэгчдийн дунд маргаан үүссэн. Үүн дээр цагдаагийн байгууллагаас очиж зохицуулалтын арга хэмжээ авч ажилласан. Ингээд нийслэл болон дүүргээс холбогдох арга хэмжээ авснаар ногооны худалдаачид үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

Иргэд, оршин суугчдаас зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа наймаа эрхэлж байгаа талаар мэдээлэл ирдэг. Үүний дагуу очиж шаардлага тавьж, хариуцлага тооцож байгаа.

Ногооны худалдаа эрхлэгчид зөвшөөрөгдсөн талбайд худалдаа хийхэд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулахгүй. Харин зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагчид шаардлага тавина.

Цагдаагийн байгууллагаас ногооны худалдаа эрхлэгчдэд арга хэмжээ авсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй” гэдэг мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *