Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​ “Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ

“Apple” компани эд ангийн хомсдол орсны улмаас 10 жилийн дотор анх удаа iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоосон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн сэтгүүлчид Америкийн компанийн туслан гүйцэтгэгч, эд анги нийлүүлэгч үйлдвэрийн ажилтнуудтай уулзаад тэдгээрийг уламжлал ёсоор аравдугаар сараас нэмэлт цагаар ажиллаж эхлээгүй болохыг олж мэджээ. Олон жилийн туршид Зул сарын баяраар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажиллаж эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл 10 жил үргэлжилсэн энэ уламжлал 2021 онд анх удаа эвдэгдэж, үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллах нь бүү хэл үйлдвэрлэлээ бүр зогсооход хүрсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан хүмүүс үйлдвэрүүдийг ажиллуулъя гэсэн ч угсрах шаардлагатай эд ангиуд байхгүй тул нэг ч утас угсарч чадахгүй болоод байгааг онцолжээ. Үүнээс болоод “Apple” компани сая гаруй утас дутуу авч байгаагаас болоод олон тэрбум доллароор тоологдох орлогоо авч чадахгүй болох эрсдэлтэй тулгарчээ. Түүнчлэн энэхүү хомсдолыг дагаад зул сарын баяраар смартфон, айпад захиалсан хүмүүс 2022 он гартал захиалгаа хүлээж авч чадахгүйд хүрчээ.

“Nikkei” агентлагийн сэтгүүлчид “iPhone 13 Pro Max” смартфонд шаардлагатай ханган нийлүүлэлтийг гинжин хэлхээг даган гурван тивийн 20 гаруй үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж. Ингэхэд “iPhone 13 Pro Max” утсыг үйлдвэрлэхэд 2000 гаруй эд анги шаардлагатай байдгийг олж тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь энэ олон эд анги дундаас хамгийн хямд, түгээмэл гэж болохоор дэлгэц, 5G модуль, процессоор гэсэн эд ангиуд нь хамгийн ховор байгааг илрүүлж.

“Nexperia” үйлдвэрийн мэргэжилтнүүд нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Түүхий эдийг нийлүүлэх хугацаа нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас үүссэн асар их эрэлтийг хагас дамжуулагчийн бүх үйлдвэрлэл бүрэн чадлаараа ажиллаад ч хангаж дийлэхгүй болсон” гэсэн байна. Америк дах өөр нэг ханган нийлүүлэгч компанийн удирдагч “Угсрахад шаардлагатай эд ангийн 99 хувь нь бэлэн байлаа ч ердөө ганц эсвэл хоёр эд анги дутуу байхад л бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар угсрах ажлыг эхлүүлэх боломжгүй байдаг” гэсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан бүх үйлдвэрийн эзэд “Apple” компанид нийлүүлэх ёстой ангиас аль нэгийг нь тодорхой хэмжээнд дутуу нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зөвхөн “Apple” гэлтгүй “Samsung”, “Xiaomi”, “Oppo”, “HP”, “Dell”, “Acer”, “Nintendo” гээд электрон бараа бүтэгдэхүүний бусад үйлдвэрлэгчид ч эд ангийн хомсдолтой тулгараад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *