Categories
мэдээ цаг-үе

“Ньюанс”-ын Амараатай 91 оны төгсөгчид

Хамт ажилладаг залуугаа биеэрээ нөмөрлөн тэвэрч түймрээс авраад амиа алдсан ахлах ахлагч Г.Багабишийг монголчууд андахгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорнодын Баяндунд гарсан тэр түймэрт Багабиштэй хамт явж, нутгийн арван иргэн, ажлынхаа дөрвөн залууг аварсан Ч.Болдбаатар Чойбалсан хотын хоёрдугаар арван жилийн сургууль буюу Дэнжийн сургуулийн 1991 оны төгсөгч. 1991 оны арав төгсөгчид 25 жилийн дараа уулзахаар товложээ. 10-ын “А”-г төгссөн Цээпилмаа “Манай Болдоо чинь амьдрал дээр баатарлаг үйл бүтээсэн хүн. Онцгой байдлын газарт ажилладаг юм. Ахлах ахлагч цолтой. Түймрийн уулга гэж айхтар юм бий. Хавар цагт тал нутгийн шуурга түймэр хэцүү л дээ. Болдоо түймрийн уулга ирж явахыг хараад түймэр унтрааж байсан нутгийн арван хүн, дөрвөн аврагчаа машиндаа суулган түймэр сөрж давхисан юм билээ. Мэдэхгүй хүн бол түймрээс зугтаж яваад эрсэддэг аюултай. Тухайн үед Болдоог түймэр сөрөөд давхихад машин нь халж сүйд болж байсан гэдэг. Арваад хүний амь аварсан сайн үйл нь тэгсгээд яригдаж дурсагдалгүй үлдсэн л дээ. Бид бүр хэзээ хойно мэдсэн” гэж ярилаа. Болдбаатар ангийнхаа Энхтуяатай гэрлэжээ. Ер нь эдний төгсөлтийнхнөөс хоорондоо гэрлэсэн олон хос байгаа юм билээ.

Нэг ангийнхан шиг ижилдсэн 10-ын таван бүлгийнхний уулзалт удахгүй болно. Зохион байгуулагчид нь хэд хоногийн өмнө уулзаж, яриа хөөрөө үүсгэх үеэр эдний төгсөлтийнхөнтэй уулзсан юм. News.mn-ний сэтгүүлч Д.Цээпилмаа, Нийслэлийн Гаалийн газрын мэдээллийн технологи хариуцсан улсын байцаагч Н.Батбаяр, “Ньюанс” хамтлагийн ахлагч М.Амарсанаа, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн үйлдвэрчний хорооны дарга Б.Чинбат, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг, “Кидс банк” хувийн цэцэрлэгийн хөгжмийн багш Ч.Тэгшээ, хувиараа бизнес эрхэлдэг А.Болортуяа, цахим худалдааны чиглэлээр ажилладаг Ч.Алтай нар 1991 оны төгсөлтийн уулзалтын гол зохион байгуулагчид.

Тэд найм төгсөхдөө 180-уулаа байж. Есдүгээр ангид орох жил нь Хөлөнбуйр, Сэргэлэн, Хөдөлмөр, Цагаан-Овоо, Баяндун сумдын хүүхдүүд ирж, арваа 240-үүлээ төгсчээ. “Хаан хүнс”-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат зохион байгуулагчдын нэг ч гэлээ ээлжит уулзалтдаа ирж амжсангүй. Өнөөдүүл нь “бууз хариуцсан захирал” ирсэнгүй гэцгээн инээдэм болов.

Амараа одоо ч гитартайгаа 10г

Д.Цээпилмаа “Төгссөн газар маань одоо бол Хэрлэн сум гэж явдаг. Гэхдээ бид Чойбалсан хотын хоёрдугаар арван жил гэж ярих дуртай. Хотын статустай болгоход болохгүй юмгүй газар” гэж байна. “Ньюанс”-ын Амараа эдний бас нэг бахархал. Аав нь дуучин, ээж нь багш юм байна. Айлын ганц хүү гэж ангийнх нь охид хэлэв. “Ньюанс”-ын ахлагч хамт төгссөн найзуудаа тоглолт бүрээрээ урьдаг гэнэ. Амараагийнхаа буянаар уулзсан хэд өнгөрснөө дурсаж хөгжилдөж байгаад салцгаадаг аж. 1991 оны төгсөлтийн “А” бүлгийнхэн коллектив сайтай, “Б”-гийнхэн урлаг, спортдоо гаргууд, “Д”-гийнхэн сахилгагүй хочтой гэж ирээд яривал бүлэг бүр өөрийн гэсэн онцлогтой байж.

“Д”-гийн Н.Батбаяр фото зураг дарах дуртай хүү байснаа ярив. Эдний ангийн охид сахилгагүй гэж жигтэйхэн байж. Ямар сайндаа л сургуулийн коридорт эгнэж зогсоод урдуур нь өнгөрсөн хөвгүүдийг дэгээдэж унагаж байхав. Хөдөөгийн арван жилийн нэг төгсөлтийнхөн дөрөв, есдүгээр ангидаа холилдож сүлэлдээд, бараг л нэг ангийнхан болчихдог онцлогтой. “Д”-д байсан охидоос “А” руу орж л дээ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг “А”-гийн охидын үсний туузыг сандалтай нь холбож уяад үйлийг нь үздэг байсан гэнэ. “Д”-гийн Алтай “Тэрийг чинь бид хөвгүүдээсээ сурсан юм” гээд тас тас инээж байна. “Д”-г хэцүү анги учраас дархан, мужааны залуухан эрэгтэй багш нарт хариуцуулдаг байжээ. Захирлынхаа элэг рүү ухаан алдтал мөргөж унагасан Батбаяраас болж ангиараа нар шингэтэл гараа өргөж зогссон, хичээл эхлэнгүүт бүртгүүлчихээд арынхаа цонхоор гарч сагс тоглоод алга болдог байсан гэж ирээд яривал дурсах зүйл эдний ангид их аж.

“Ньюанс”-ийн Амараа арга хэмжээ бүрд л дуулдаг хүү байж. Дорнод аймагт 1982 онд Монголын язгуур урлагийн хүүхдийн “Солонго” чуулга гэж анх байгуулагдахад орж байснаа ярив. 1984 онд “Солонго” чуулгын дөчин жаал “Найрамдал”-д амарч, бас болоогүй ээ Цэдэнбал Филатовагийн дэмжлэгээр Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд анхны томоохон тоглолтоо хийж байжээ. “Солонго” чуулгаас жүжигчин Амбий, Мягмаржав зэрэг олон алдартан төрөн гарсан гэнэ.

Тэр үеийн хөвгүүдийн гол тоглоом нь тэвэг байж. 25 жилийн дараа уулзсан залуус төмөр гогцоолдож дугуй түрж гүйх дуртай байснаа, охидынхоо зайрмагийг булаагаад зугтаж явсан үеэ дурсаад инээд хөгжөөн болов. 54 дүгээр дэлгүүрээс зайрмаг авсан охид хөвгүүдийн дайралтад өртөхгүй байх нь өдрийн од шиг ховор байж. Зарим нь бүр эвлэрчихсэн хэд хэдэн зайрмаг худалдаж авдаг байснаа ярив. Наймын “А”-гийн Чулуунаа байнга л гурав, дөрвөөр нь авчихсан гүйж явдаг байжээ.

Чинбат наймын “А”-гийнх.Төмөр замын үйлдвэрчний хорооны дарга “Миний унаган сургууль даа. Би цэргийн хүүхэд байлаа. Гэр маань сургуулийн хажууханд. Сургууль, гэр, тоглодог газар маань нэг. Манай сургуулийн хажууд нэг их том хиймэл нуур байж билээ. Тэнд л өдрийг өнгөрөөнө. Тоглож байгаад цүнхээ алга болгох бол бүр зуршил болчихсон. Хэд хоноод л шинэ цүнх авахуулдаг байлаа. Номгүй, хэдэн дэвтэртэй л харайлгана шүү дээ. Тэгшээ бид хоёр чинь нэг “уяа”-ны хүүхдүүд. Аав, ээжүүд маань ажилд гарахдаа нэг гэрт бөөгнүүлээд уяад орхичихно. Орой нь ирээд аваад явдаг байсан гэдэг. Анги, ангиараа нууран дээр гулгаж тоглоно, эсвэл чулуугаар байлдаж өдрийг өнгөрөөдөг байлаа” гэж бага насаа дурсав. Анагаахын сургуульд орох хүсэлтэй байсан ч тэр жил нь хүссэн хуваарь нь ирээгүй учраас багшийнхаа зөвлөснөөр төмөр замын мэргэжил сонгожээ.

Аж ахуйн атаманууд 8г

10-ын “Б”-гийн Эрдэнэбилэг ангийнхаа хөвгүүдийн нэг хөгжилтэй явдлыг яриад бөөн инээдэм болов. Есдүгээр ангид байхдаа ангийнхаа хөвгүүдтэй физикийн кабинетад “хууль бус” зүйл хийгээд багш нарын зөвлөгөөнөөр орж байж. Тухайн үед хятад хүүхний зурагтай гялгар цаасан дээр хэвлэсэн палакат ид моодонд орж байсан аж. Хөвгүүд өнөө зургийг аппаратаар татаж, олон хувиар угааж зарах гэж байгаад сургуулийн аж ахуй хариуцдаг өвөөд баригдчихаж. Аж ахуйн өвөө “Шалдан хүүхний зураг угаасан, садар самууныг сурталчлах гэлээ” гэж захиралд ховлож тэрүүхэндээ шуугиан дуулиан дэгдэж байсан гэнэ. “Манай сургуулийн байр Халх голын дайны үед эмнэлэг байсан, аймгийн маань дурсгалт газрын нэг” гэж Эрдэнэбилэг сонирхуулав.

Наймын “Б”-гийн Болортуяа ангиа “Нийгмийн идэвхтэй, сурлага урлагаараа гоц байсан” гэж тодорхойлов. Цэрэг спортын “Дөл” наадамд эдний ангийнхан өнгөлдөг байсан гэнэ. Болортуяа “1986 оны Дөл наадамд манай анги 21 багаас дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. 400 орчим хүүхдээс арван хүүхэд шалгаж авахад 50 хувь нь манай ангийнхан байсан. Гурван жил сургууль, аймгийнхаа нэрийг улсад гаргасан даа” гэж ярилаа. Ангийнхаа багш Ганбаярыг магтаж байна. Хичээл тарангуут арынхаа өрөөнд цоожилж хичээлийг нь давтуулдаг байжээ. Орой нь ангийнхаа хүүхдүүдийг гэр гэрт нь хүргэж өгөөд харьдаг байсан аж. Болортуяаг “Манай ангийнхны ихэнх гэр хороололд учраас баргийн ажилд ажирдаггүй байлаа. Биеийн тамир гадаа орно. Спорт заал гэж байхгүй учраас сургуулиа, нуураа тойроод гүйнэ дээ” гэж ярихад Тэгшээ хажуунаас нь “Угаадсан дээр гулгадаг байснаа санаж байна уу. Үзүүрт нь очиход жорлон угтана шүү дээ” гэж хэлээд жуумалзав.

Наймын “В”-гийн Ч.Тэгшээ ангийнхнаасаа содон мэргэжлээрэээ ялгардаг гэнэ. Д.Цээпилмаа “Манай Тэгшээ цэцэрлэгийн эрэгтэй багш. Цэцэрлэгт ер нь эмэгтэй багш нар л байдаг. Хүүхдүүд эмэгтэй багшийгаа багшаа гэдэг хэрнээ Тэгшээг ааваа гэж дууддаг” гээд хөгжилтэй инээв. Тэгшээ ч мөчөөгөө өгсөнгүй, “Манайхан чинь нэлээд танхайдуу, сурлага сайн биш, нэмэлтээр багш нар авна. Нэмэлтээр орж ирж байгаа багш нь Цээпил. Манай хүн орж ирээд шугамдана гэж үзүүлнэ шүү дээ” гэж бөөн инээдэм болов. Эдний үеийн хөвгүүд дүүжин өмд, ямаатай шаахайгаар гангардаг байжээ. Үсээр улаанаар будаж бүжгэнд очдог байсан гэнэ. Улаан харандааг усанд уусгаж найруулаад шүдний сойзоор түрхэж, нэг их тод улаан үстэй нөхөд гарч өгдөг байж.Тэгшээ “Пүрэвсүрэн багш биднийг бүжгэн дээр харчихаж л дээ.Тэр улаан үстэй нөхөр хэн бэ гэж асууж байцаагаад бөөн юм боллоо. Бид ч тас гүрийлээ. Пионер хүн хэзээ ч худал хэлэхгүй, бид яагаа ч үгүй гэж байгаа юм. Ингэж гүрийсний хэрэг гараагүй л дээ. Хуйхаа сайн угаагүйгээс болоод баригдаж, нэг сайн загнуулж билээ” гээд хөгжилтэй инээв. “Төмөр ба түүний нөхөд” зохиолыг уншсан Тэгшээ, Зоригоо, Баяраа, Тулгаа дөрвийнсайн үйл бүтээхээр шийдсэн хөгтэй явдлыг сонссон нэг төгсөлтийнхөн дахиад л бөөн инээд хөөр болов. Мань дөрөв гэр гэрээсээ сүх аваад хорооныхоо эмээгийн түлээг хагалж өгөхөөр шийдэж л дээ. Эмээг сүүнд явсан хойгуур хашааг нь даваад орцгоож. Тэгээд л хөрөөдөж бэлдсэн түлээнүүдийг хагалж гарч. Сүүнд явсан эмээ хашаа руугаа ороод иртэл сандарч мэгдсэн сүх барьсан дөрвөн нөхөр яаж олигтой харагдахав. Эмээ ч хашгираад зугатаж, өнөө дөрөв “Нэгийгээ харуулд гаргадаг байж” гэж амаа бариад тарцгаажээ.

1991 оны арвынхан суманд очиж өвс хадаж, төмс хурааж, саалийн фермд үнээ сааж явсан хавар, намар, зуны ажлуудын дурсамжаа тойрч суугаад ярьцгаалаа.

Наймын “Д”-гийн Алтай “Наймдугаар ангийн төгсөлтийн нийллэгийн зургаа сая харлаа.Төгрөг хорин мөнгөний нимбэгний ундаатай нийлж байж. Одоо эргээд бодохоор гэгээлэг сайхан дурсамж их байна аа. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод сурахын бөөн хүслэн болсон хүн барилгын техникум авч багшдаа зэмлүүлж байлаа. Манай ангийнхан багш олонтой” гэж байна.

1991 оны төгсөлтийнхөн нэг ангийнхан шиг л ижилдсэн нь уулзаад суух цагийн хугацаанд мэдрэгдэж байв. Д.Цээпилмаа “Манай ангийн Чинбатын ээж Нямсүрэн гэж сайхан эгч байлаа. Отрядийн саальчин хийдэг байсан юм. Зундаа Хэрлэн голоо дагаад сааль сүү бэлдээд яваад өгнө. Манай төгсөлтийн охид хоёр арвын бидон аваад очно шүү дээ. Нэгэнд нь сүү, нөгөөд нь тараг хийгээд буцах гэж байгаа нь тэр. Отрядын цэргүүд Чинбаагийн авгай нар ирж байна гэж цаашлуулахаар манай хүн ичээд алга болж өгнө. Эрдэнэбилэгийн аав Пүрвээ гэж худалдаа бэлтгэлийн ангийн дарга хүн байлаа. Манай ээж цэрэг нь. Ингээд яриад байвал гэр бүлээрээ хамаатан садан шиг л ойр дотно байсан даа манай төгсөлтийнхөн” гэж дурссан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *