Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НИТХ-ын даргаар Сайнбуянгийн Амарсайхан гэж хэн бэ?

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нууц санал хураалтаар шинэ даргаа тодрууллаа. Хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авчээ. Санал хураалтын дүнг үндэслэн олонхийн санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг баталлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайханд Ц.Сандуй тамга, тэмдгийг нь гардуулан өгснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

НИТХын даргаар сонгогдсон С.Амарсайхан
НИТХын тамгаа гардаж авсны дараа хэлсэн үгэндээ “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага буюу НИТХын даргад нэр дэвшүүлж, сонгосонд талархаж байна. Олон сарын турш зогсонги байсан НИТХын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нээлээ. Улсын нийгэм эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих эрх үүргийг энд суугаа 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХын гүйцэтгэх удирдлагын баг, цаашлаад харьяа хэлтэс, газар, албаны үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, ажлын гүйцэтгэл, хариуцлага сул, ажил үүргийн хуваарилалт оновчтой биш, төлөвлөсөн төсөл хөтөлбөр, өдөр тутмын ажил ч удаашралтай явж, нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хэрэгжээгүй тул бид цаг алдалгүй асуудлыг хөндөж, засах зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс МАНын гишүүд бид нам нэрээр нүдээ боож, чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрэх ёсгүй гэж үзсэн.
Төрийн албаны ёс зүй, сахилга бат, хариуцлагыг хэн нэгэн гуйж, гуйлгаж, асууж, аргадаж, хэлж хүлээх биш харин шат шатандаа хэрэгжүүлж, хэвшүүлж, хянаж, шаардаж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж гэж хандах бус харин өөрчлөлт шинэчлэлт хийх өндөр үүрэг хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлах ёстой. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхал туйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг би хариуцлагатай баримталж ажиллана. Хотын утаа, хог бохирдлоо шийдэж чадаагүй хэрнээ хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд хол бид явахгүй гэдгийг бидэнд хатуу сургаж, сануулсаар байна.
Эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого шийдлээрээ, хүн амьдрахад таатай эрүүл аюулгүй нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа цогцлоож, хөгжүүлэх эрх үүрэг төлөөлөгчид та бидний төдийгүй нийслэлчүүдийн хол зорих зам байх ёстой” гэлээ.

Тэрбээр нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэхдээ, юун түрүүнд нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, оновчтой зохион байгуулах, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүний нөөц, боловсон хүчний ур чадвар, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь таслан зогсооно гэлээ. Цаашлаад хөгжлийн шинэ шийдэл бүхий нэгдсэн стандартыг нийслэлд бий болгож, ухаалаг хотын шийдлийг интернет холбоо мэдээллийн шилдэг технологийг уялдуулан нэвтрүүлэх, гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах шийдлийг оновчтой тодорхойлох, утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг олон ажил хийх шаардлагатай байна гэв.

С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд & девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *