Олон улсын авто машины зах зээлд хүчээ аваад буй цахилгаан хөдөлгүүрт машин Монголчуудын хэрэглээнд нэвтрээд хэдхэн сар өнгөрөөд байна. Өнөө үед энэ төрлийн автомашины борлуулалт дэлхийн зах зээлд зогсолтгүй өсөж, хоёр саяд хүрээд байгаа юм. Нийслэлийн гудамжаар цөөн тоогоор харагдах болсон Ниссан лиф загварын авто хүлэг Монгол орны эрс тэрс уур амьсгал болоод бартаа саадтай замд хэр тохиромжтой талаар уншигчдадаа танилцуулья.
“Nissan motor” компани 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн Ниссан лиф загварын авто машиныг олон тоогоор үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Олон улсын зах зээлд гаргаснаас хойш борлуулалтын хурд нь тогтмол өсөж Япон болон Европийн зах зээлд амжилттай нэвтэрч, өдгөө цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлийн 15 хувийг эзлээд байгаа. Одоогоор дөрвөн тивийн 35 улсад худалдаалагдаж буй энэхүү төмөр хүлгийг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохирох, эсэхийг судалж “Эко Кар Центр” ХХК Улаанбаатарт анхлан оруулж ирээд байгаа юм.
109 морины хүчтэй ниссан лиф машины уртын хэмжээ 444 см, өндөр 154см, өргөн нь174 см бөгөөд таван хүн суух зориулалттай. Энэхүү машин нь 2011 оны Европийн шилдэг автомашин, 2011 оны дэлхийн шилдэг автомашин, 2011-12 оны Японы шилдэг машин шагналыг тус тус шалгарч байжээ.
Ниссан лиф машины салонд гар утасны Bluetooth холболт, цаг уурын автомат мэдрэгч ,хиймэл дагуулын радио , дөрвөн ширхэг стерео өсгөгчийг USB оролттойгоор байрлуулж өгчээ. Мөн “leaf spy” аппликейшныг гар утсандаа татаж, комьпютер оношлогооны төхөөрөмжийг машиндаа байршуулж өгөх боломжтой. Ингэснээр та машиныхаа аль эд анги доголдож буйг харж, ямар эд ангид хэдийд засвар үйлчилгээ хийх шаардлагтайг цаг алдалгүй хүлээж авах юм.
Ниссан лиф машины хөтлөх тэнхлэг нь урдаа байрлах бөгөөд хамгийн хүнд эд анги болох 300 кг жинтэй, 21 КВТ багтаамжтай батерей нь суудлын доогуур, шалны хэсэгт байрлажээ. Ингэснээр ижил ангиллын авто машинуудтай харьцуулахад жолоодлого илүү тогтвортой болсон байна. Ниссан лифийн батерей болох литий ион нь 192 үүрнээс бүрдэх бөгөөд кузовын бат бөх чанарыг нэмэгдүүлдэг давхар үүрэгтэй аж.
Компаниас 160-180 мянган километр туулах зориулалттай гаргадаг ниссан лифийн зай багаар бодоход таван жилийн хугацаанд ашиглагдах юм. Машины урд хэсэгт гэрийн нөхцөлд болон зориулалтын станцад цэнэглэх зориулалттай хоёр төрлийн цэнэглэх оролтыг байрлуулжээ. Ниссан лифийн батерейг гэрийн нөхцөлд 220 вольтийн 30 ампер хүчдэлд таван цагийн хугацаанд цэнэглээд дулааны улиралд 100-110 км-ын зайг туулдаг байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоолбол хоёр цагт 2400 төгрөгийн цахилгаан зарцуулагддаг юм. Дотоод шаталтын хөдөлгүүртэй, 100 километрт 10 литр шатахуун зарцуулдаг, энгийн авто машинтай харьцуулахад энэ нь даруй найм дахин хямд өртөгөөр ажиллаж буй нь харагдаж байна. Харин Ниссаны тусгай цэнэглэх станцад (480 вольт – 125 ампер) бол 30 минутын турш цэнэглэж 100-110 км замыг туулах боломжтой аж. Гэхдээ Монголд одоогоор цэнэглэх зориулалтын станцыг хараахан байгуулж амжаагүй байгаа тул гэрийн нөхцөлд л цэнэглэх боломжтой.
Энэхүү ниссан лифэд өтгөн тосолгоо хэрэггүй бөгөөд зөвхөн редуктерт Matic S маркийн тос 1.5 летрийг хийж 30000 километр тутамд солино. Жилд 10 мянган километр явлаа гэж үзэхэд гурван жилд нэг удаа солих юм.
Ниссан лифийн батарей литий ион нь Монгол орны эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Учир нь целсийн -50 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд дулаан гараашд байрлуулах шаардлагагүй. Та цахилгаан машинаар ус туулахад асуудалтай гэж санаа зовох хэрэггүй. Ниссан лифт 70 см-ийн өндөртэй, усыг туулах зориулалттай юм. Энэхүү төмөр хүлэг нь манай улсад нийтлэг хэрэглэгддэг Пирус 20 маркийн автомашинаас тэнхлэгээрээ өндөр, илүү хүчтэй тул туулах чадвараар илүү аж.
Сонирхуулахад автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цахилгаан машиныг дугаарын хязгаарлалт болон авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх захирамж гаргасан юм.
О.ДАШНЯМ