“Буянт-Ухаа”-гийн дэнж дэх анхны нисэх буудлын барилгаа “Алтан гадас ордон” хэмээн нэрийдсэн нисэхийнхэн тус ордон байрладаг “Нисэхийн гудамж”-аа тохижуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулсан бөгөөд тус гудамжинд орших “МИАТ” ХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго болон Нисэхийн цагдаагийн байгууллаатай хамтран тохижилтын ажлыг хийх аж.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон” нь Монголын түүхэн өв соёлын барилга байгууламжид бүртгэлтэй, их болон урсгал засварын ажлуудыг гүйцэтгэхдээ фасад болон төлөвлөлтийг хөндөхгүй, нэг ч хээ хуарыг нь өөрчлөхгүй гэсэн соёлын өвийн дүрэм журамтай нандин барилга юм. Нисэхийнхэн анхны түүхэн барилгаа, түүний ойр орчмын зам, талбайтай нь иж бүрэн тохижуулна.