Нийтийн тээврийн үйлчилгээг хувиараа эрхлэгч 20 аж ахуйн нэгж
өнөөдрөөс эхлэн үйлчилгээндээ гарахгүй ажил хаяхаа мэдэгдээд байсан билээ.
Тэд хэд хэдэн шаардлагыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын
дарга Д.Баттулга нарт тавьсан юм. Тэгвэл тэдний
хүсэлтийг Нийтийн тээврийн газраас хүлээн авч зөвшилцөлд хүрэхээр
ярилцсан байна. Тиймээс ажил хаяхаа түр азнаад байгаа гэнэ.
Тэд ажил хаях болсон шалтгаанаа “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн
болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж
байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд
авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн
үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд 2015 оны 8 дугаар сарын
18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр
гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан
тушаалтан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд эсрэг байр суурь
баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн
нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж
нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэж тайлбарлаж буй. Мөн
нийтийн тээврийн шинэ бодлогоос шалтгаалан 1500 гаруй кондуктор ажлын
байргүй болох эрсдэлд ороод байгааг шийдвэрлэх, хувийн хэвшлийг шахаж
өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал
Ц.Одонтунгалагийг огцруулахыг мөн шаардсан юм.