Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх”Нийслэлийн Засаг дарга 2019 оныг “Иргэдээ сонсох жил” болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд аливаа бодлого, шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, санал авах ажлыг эхлүүлээд байгаа. Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалтын талаар иргэдээс эхлээд твиттер хуудсаар санал асуулга авсан. Энэ асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь дэмжсэн. Дараа нь томоохон вэбсайт, олон нийтийн цахим хуудас болох фэйсбүүкээр санал авахад 60 хувь нь дэмжсэн ч, 40 хувь нь дэмжээгүй. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна” гэлээ .
Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нэг жолооч жилд 45 хоног зам дээр түгжирдэг гэх судалгаа гарчээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор бүсчлэлийн ажлыг эхлүүлэхийг зорьсон ч иргэд дэмжээгүй тул цаашид түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж “Cabel Car” буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, “Sky real” зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан аж.
Ийнхүү эвдэрдэггүй, дэлбэрдэггүй, бие биентэйгээ уралддаггүй жолоочтой нийтийн тээвэртэй болсны дараагаар бүсчлэлийн ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.