Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах хугацаа баасан гарагт дуусна. Энэ сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 84.1 хувь нь ХОМ-ээ өгснийг АТГ мэдээллээ.
Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг.
Төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас, одоогоор УИХ, ЗГ-ын гишүүн 36, дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27, бусад 59 нийт 151 албан тушаалтан буюу 53.9 хувь нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.