Categories
мэдээ улс-төр

Нийт нутгийн 40 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулга хийсэн байна. “Энэ өвөл 145 мянган өрхөд 56 сая мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 92.5 сая толгой мал өвөлжихөөс 7,000 өрхийн 7 сая орчим мал өөр аймаг, сумын нутагт өвөлжих төлөвтэй байна. Иймд эдгээр малчин өрх, малчидтай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажилласан” гэж Шадар сайд танилцуулжээ. Хот суурингийн өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байгаа бол цахилгаан станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой ч энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа аж. Тиймээс төмөр зам болон бусад байгууллагуудтай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг салбарын сайд нь танилцуулсан байна. Эрүүл мэндийн салбарын хувьд, ялангуяа отрын бүс нутагт өвөлжих малчдын эрүүл мэндийн асуудалд явуулын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил хангажээ. Зам тээврийн яамны дэргэд шуурхай баг гаргаж нийтдээ 45 цэгт 180 хүн 50 гаруй техниктэй бэлэн байдалд ажиллуулж байгааажээ. Онцгой нөхцөл байдал үүссэн гамшиг болсон үед малчдад мэдээлэл хүргэх тал дээр радио, телевизийн сүлжээтэй гэрээ байгуулан ажиллаж байгааг салбарын сайд нь танилцуулсан байна. Мөн малчдад мессэжээр мэдээлэл хүргэх ажиллагааг өргөн хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгчээ. Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр 2015-2016 оны өвөлжилтийн эрсдийн үнэлгээг гаргаж Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Энэ өвөл мичин жилийн зуд болно гэж тооцоолж эртнээс бэлтгэл хийсэн нь зөв байсан байж гэдгийг өчигдрийн танилцуулгаас харж болохоор байгаа аж. Яагаад гэвэл өнөөдөр нийт нутгийн 80 гаруй хувь нь 8-12 см-ийн зузаан цастай байгаа. Мөн ойрын үед цас орж нэмэгдэхээр байна. Нийт нутгийн 40 хувь нь байдал хүндэрч зудтай өвөлжих нөхцөл байдал одоогоор ажиглагдаад байгаа. Хүйтний хувьд арванхоёрдугаар сард нэлээн хүйтэрнэ, нэгдүгээр сар ч гэсэн хүйтэрч цас нэмэгдэх төлөвтэй байгаа. Цаашдаа байдал яаж өрнөхийг сар болгон Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээл өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *