Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нийслэлийнхний алхдаг БОГД УУЛЫН ЖИМЭЭР

Зайсангийн цаахна, Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийнхэн тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт манай сурвалжлах баг Богд руу авирсан юм.

Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз тогтоожээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны санаа аж.

Өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихэж. Зуун метр зайд хорь орчим хүн алхаж байсан гээд бодохоор өглөө эртлэн цэвэр агаар амьсгалах хүмүүс хоёр, гурван жилийн өмнөхөөс лав эрс өсчээ. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгааж байв. Тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Жаран настай гэнэ. Долоо хоногийн таван өдөр ууланд алхдаг юм байна. Зургаан жил алхаж байгаа гэж сонирхуулав. Бие нь муудаад ууланд алхаж эхэлжээ. Тал харвасан, даралт өндөр, 127 килограмм жинтэй гээд нэлээд асуудалтай байж. Зайсангийн нэг кафед сууж байхдаа ууланд алхдаг хүмүүс байдгийг олж мэдээд л авирч эхэлсэн гэж ярилаа. Одоо бие нь ямар нэг зовиургүй болж, 42 килограмм хаяжээ. “Ажлын өдөр хүн цөөтэй учраас оройхон, өглөөний долоо өнгөрөөгөөд гардаг юм. Амралтын өдөр хүн ихтэй учраас таван цаг гээд гарна. Өвөл явах хачин сайхан. Орой дээр нь гараад биеэ цасаар угаана.

Харзны усаар угаана. Эхээс нь ус аваад уулан дээр очоод биеэ угаадаг юм. Миний үүргэвчинд хоосон сав байгаа. Биеэ угаачихаад буугаад ирнэ дээ” гэж байна. Эхлээд уулын оройд гарч чадалгүй, 300 гаруй метр яваад бууж ирдэг байжээ. Одоо бол нэг ч амрахгүйгээр оройд нь гарчихдаг юм байна. Ууланд аялагчид ихэссэнд олзуурхаж явдгаа ч хуваалцав. Анх ууланд алхаж эхлэхэд нь дөч, тавиад хүн л гардаг байж. Харин одоо амралтын өдрөөр 2000-3000 орчим хүн алхдаг болсон гэнэ. Хашир уулчид хүн ихтэй амралтын өдөр эртээ гэгч нь алхчихаад буугаад ирдэг байна. Улаанбаатарт амьдардаг болон аялж жуулчилж яваа гадныхан ажлын өдрөөр түлхүү явдаг аж. Хүн цөөтэй үед нь алхах гэж ажлын өдрийг зориуд сонгодог бололтой.

Замын танил маань “Хагас, бүтэн сайн өдөр оройхон алхахаар хүн битүү. Мөргөлдчих нь холгүй юм болно шүү дээ. Найз нарыгаа алхъя гэж зөндөө гуйдаг ч ганц нэг яваад шантарчих юм. Өнгөрсөн баасан гаригт бороотой байсан даа. Улаанбаатар хот сая 200 мянган хүн амтай. Бүгдээрээ залхуу, тэнэг, арчаагүй биш баймаар. Би ганцаараа алхаж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодлоо. Бууж байхад тээр доор ганц нэг хүн таарсаан таарсан. Ууланд гардаг улсын хувьд бороо, цас, шавар шавхай хамаагүй. Уг нь бүтэн сайны өглөө доор байгаа амралтын газрын зогсоол пиг болдог. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гуч, дөчөөдхөн хүн гарч байх жишээний. Бороотой болохоор тэгдэг шиг байгаа юм” гэж хэлээд шалмаг алхсаар явж одов. Тавь, жар, далаад насны байнга гардаг улс их байдаг гэнэ.

Уулын бэлээс өгсөхөд сэрүүвтэр, салхитай байсан ч моддын дунд ороод ирэхээр ер бусын нам гүм орчин угтав. Алхаад тэр үү, даарах мэдрэмж ч дороо сарнив. Амралгүйгээр алхахад хөлс цувах шинжтэй юм. Богд уулын захиргаа аялагчдын үдлэх цэгүүдийг маш сайхан тохижуулжээ. Захиргаанаас гадна олон жил аялсан уулчид ч аялагчдын амарч үдлэх газрыг сэтгэл гаргаж тохижуулдаг аж. Модон сандал, саравч, голтой газраа модон гүүртэй цэгүүд Богд уулын энэ жимд гурваас дөрөв лав байна. Хажууханд урсах голын чимээ, навчсын үл мэдэг сэрчигнээн, өглөө эртийн цэнгэг гэж жигтэйхэн агаар, гацуур, шинэс моддын таатай үнэр хүмүүсийг уул руу татдаг бололтой. Найман зуу орчим метр алхаж яваад дараагийн аялагчаа сонгов. Доороос тааваараа алхахад л амьсгаадаж, хэдэнтээ амарч байхад ядарсан шинжгүй гүйж явсан нь анхаарал татсан юм. Хөлс нь цувчихсан гүйж явсан залууг Бат-Өлзий гэдэг юм байна. Уулын тал хүртэл гүйж, талаас цаашаа нь алхсаар оройд нь гардаг гэнэ. Тал хүртэл гэдэг нь километр гаруй газар. Бат-Өлзий “Гэр бүлээрээ ууланд алхдаг хүмүүс олон байдаг юм. Өглөө эрт цөөвтөр ч нар мандсаны дараахнаас ёстой цувж өгдөг. Миний хувьд жин нэмж, бие тавгүйрхэж эхлэхээр нь эмнэлэгт хандсан юм. Хоёр жилийн өмнөх явдал л даа. Эмч нараас жингээ хая, хөдөлгөөн хий гэсэн зөвлөгөө сонсоод ууланд алхаж эхэлсэн. Алхах тусам ууланд дурладаг юм билээ. Одоо бүр гүйдэг болчихсон шүү” гэж хэлээд хөгжилтэй инээсээр аялалдаа яарав. Бат-Өлзийгийн хэлснээр үүрээр гэр бүлээрээ алхагчид цөөвтөр харагдсан ч 10 цагаас хойш илт олширчихдог юм билээ. Бүр дөнгөж төрсөн нярайгаа салхилуулаад явж байгаа гэр бүл ч харагдсан. Хэзээний алхаад сурчихсан догь жаалууд ч байна, ээж, ааваасаа зүүгдэж, байсхийгээд амарч эрхлэнгээ зугаалах хүүхдүүд ч олон таарсан. Бат-Өлзийтэй ярьснаас хойш зуу гаруй метр явж байтал долоо, найм орчим насны хүүтэйгээ ярьж зогсоо бүсгүй таарав. Хажуугаар нь өнгөрөхөд “Миний хүү аль болох бага амар. Ийм саадыг давж байж л амжилтанд хүрнэ шүү дээ” гэх нь чих дэлсэв.

Явсаар 1500 метрт ирлээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны энд өлгөсөн пайзнаас аялагчид 1500 метрт ирснээ мэдэхээс гадна “Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ” гэсэн бичгийг хараад цааш алхацгаах аж. 1500-гаас цаашаа нэлээд өгсүүр болж ирэв. Чулуурхаг энэ газарт саявтар орсон борооны ул мөр болж үлдсэн шалбааг үе үе таарна. 2000 метрт ирснээ дор хоёронтоо таарсан танил пайзнаас хараад мэдэв. Дээр нь “Амьдрал бол уул юм. Бид удаан авирч түргэн урууддаг” гээд биччихэж. Энэ пайзны дэргэд хэсэг зогсоход зөрж өнгөрсөн хэд хэдэн залуу зургаа авахуулцгаав. “Бичгийг нь гаргаарай” гэж байгаад л патиараа татуулцгаах юм. 2000 метрээс дээшээ харин нэлээд өгсүүр зам туулах хэрэг гарлаа. Ханиндаа алхаж яваа жар гаруй насны хоёр хөгшин “Одоо юухан байхав, 500 хүрэхгүй метр яваад Дугуй цагаандаа очлоо доо” гэж ярьсаар зөрөв. Хэсэг алхсаны эцэст тээр дээр моддын чөлөөгөөр цэнхэр тэнгэр үзэгдэв. Ойрхон ойн чөлөө бий гэдгийг төвөггүй харчихаар юм. Удсан ч үгүй цэлийсэн задгай талд гараад ирэв. Захаараа битүү модтой, дундаа хангарьдын дутуу барьсан хөшөөтэй, амарч үдлэнгээ цайлахад зориулсан сандал саравч нэлээдийг барьчихсан сайхан газар юм. Есөн цаг өнгөрч байхад ойн чөлөөнд ирсэн болохоор тэр үү, тодоос тод наран таатайяа ээнэ. Улаанбаатарт бол тээр хол ёлтойж харагддаг нар энд хачин ойрхон, тод гэж жигтэйхэн гялалзана. Хоёр хөгшний яриад байсан Дугуй цагаан гэдэг нь энэ аж. Ойн чөлөөнд дөнгөж оронгуут самар зарж байна. Нийслэлд 3500 төгрөгөөр зардаг том шилтэй самрыг энд 2000 төгрөгөөр зардаг юм байна. Стакантай нь ч хотод зардгаас хавьгүй хямдхан юм. Самарчид түүсэн самраа тэндээ цайруулаад зарж байгаа нь энэ. Биднийг очиход Дугуй цагаан дээр амьдрал ёстой л бужигнаж байна. Шорлог, халуун кофе, уулнаас дөнгөж түүсэн хад жимсийг худалдаж аваад амтлах боломж энд байна.

Амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. “Хербалайф”-ын эрүүл хооллолтын клубийнхэн гэнэ. Найман шаргын хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийнхэн долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг юм байна. Алхах дуртай нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа “Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчидтай энд таарав. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. Байцаагч Б.Одсүрэн “Хүмүүс хог их хаях юм. Бид сүүлдээ хогны уут авч явдаг болсон. Самрынхан гараад хог их харагдах боллоо. Хоёр, гурван жилийн өмнө цөөхөн хүн алхдаг байсан бол одоо өчнөөнөөрөө аялж байна. Өвөл ууланд алхах ямар гоё гээч. Цэвэр агаарт хоёр гурван цаг алхахад 24 цагийнхаа хүчилтөрөгчийг нөөцөлж авдаг гэдэг шүү дээ. Утаа эхэлж байгаа энэ үед ууланд алхахын ач тусыг хэлэх юм биш. Алхаад байхаар сүүлдээ бүр явмаар санагдаад эхэлдэг” гэж ярилаа. Улаанбаатар хотын гаалийнхан улиралдаа нэг удаа Цэцээ гүн рүү алхдаг юм байна. Гаалийн байцаагчид дугуйгаар аялах төлөвлөгөө ч гаргачихаж.

“Flex gym” фитнесс клубийнхэн бэлтгэл хийх зорилгоор иржээ. Тус клубийн багш Г.Гантөгс “Манай клубийнхэн долоо хоногт хагас, бүтэн сайны аль нэгэнд нь ууланд алхдаг. Цэцээ гүн рүү бас гарна. Манай хүүхдүүд нэг сард тэмцээнтэй. Тэмцээний өмнө дотор өөх шатаах зорилготой кардио дасгал хийж ууланд гардаг л даа. Дотор өөх хайлна гэдэг маш сайн. Зүрх, элэг, уушги гэх мэт дотор эрхтнүүд чөлөөтэй ажилладаг. Ер нь алхсаны ач тус их. Үе мөчний өвчин ор мөргүй алга болно. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг болсон. Фитнессийг сонгосон хүмүүсийн хувьд эмнэлгийн маршрутыг фитнессийн маршрутаар сольж байгаа гэсэн үг. Фитнессийг сонгосон хүмүүс баар руу биш уул руу л алхаж байна даа (инээв). Манай клубт үе мөчний өвчтэй, нурууны суулттай хүмүүс их ирдэг. Нурууны суулттай тэргэнцэр дээр орж ирсэн улс тэмцээнд ордог болтлоо сайжирдаг. Фитнесст яваад хөдөлгөөн хийгээд эхлэхээр сахарын хэмжээ багасдаг. Хоёр, гурван сар явахад л сахарын хэмжээ нь огцом багасдаг” хэмээн ярив. Тэдний хажууханд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус ирчихсэн, тойрч суугаад хөгжилдөцгөөж байлаа.

Бид ойн чөлөөнөөс 13 цаг өнгөрөөгөөд буусан юм. Буух үед “Өгөөж” компанийнхан зөрцгөөв. Тэд цэнхэр малгайгаар ижилсжээ. “Өгөөж”-ийн логотой малгайгаар жигдэрсэн лав л гуч, дөчөөд хүн харагдав. Арван жилийн сурагчид ангиараа их алхацгаадаг бололтой. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *