Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн тойргуудад ХЭН, ХЭН ДЭВШИХ ВЭ?

УИХ-ын сонгуульд нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх хүсэлтийг нийслэлийн АН-аас гаргаснаар хүмүүсийн дунд нэг хэсэг нийслэлд нэр дэвшигчдийн тоо ахих нь гэсэн ойлголт төрөөд байлаа. Нэр дэвшихээр горилогчид хүртэл хот руу ирж магад гэж ярьж эхлээд байсан билээ. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Үе, үеийн хотын дарга нар энэ мандатын тоог нэмэгдүүлэхийн төлөө явж ирсэн. МАН-ын хотын дарга нар ч, М.Энхболд дарга ч тэгж явсан” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд үүнийг гүтгэлэг гэж хатуу мэдэгдэхэд хүртэл хүрсэн юм. АН-ынхан хүн амын тоогоороо тооцож үзвэл нийслэлд мандатыг нэмэхээс аргагүй гэж байсан бол МАН-ынхан хөдөө орон нутгаа хөсөр хаяж эзэнгүйдүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах асуудал болно гэж байлаа. Юутай ч өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганаар энэ асуудал эцэслэгдэж, мандатын тоог 2012 оны сонгуультай адилаар явуулахаар болсон юм. Тэгэ- хээр нийслэлийн зургаан тойргийн 14 мандат дээр хаанаас хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь яригдах асуудал болно. Үүнийг хамтдаа зураглаж харъя.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Нийслэлийн зүрхэнд орших энэ дүүргийн сонгогчдын хувьд хотын төвийнхөн бас гэр хорооллынхон аль аль нь багтдаг дүүрэг. Хоёр мандаттай. Ер нь үеийн үед аль ч намаас энд лидерүүд нь өрсөлдөж ирсэн жишиг бий. Тэр журмаар энэ удаагийн сонгууль өрнөж таарах болов уу. МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Сү.Батболд тойрогтоо буцаж ирнэ. Буцаж ирнэ гэдэг нь өөр газар руу явчихаад ирж байгаа хэрэг биш л дээ. 2012 оны сонгуульд намын даргын хувьд намаа толгойлж, жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д сонгогдсон юм. Харин энэ удаад 2004-2008, 2008-2012 онд итгэлийг нь өвөрлөн өмнөөс нь ажиллаж байсан уугуул дүүрэгтээ нэр дэвшинэ. Түүнийг урьдын адил Сүхбаатар дүүргийнхнээсээ олонхийн саналыг авна гэж улс төрийн хүрээнд ярилцаж байгаа. Харин өөр нэг нэр дэвшигч нь Д.Цогтбаатар байх нь. Тэрбээр МАН-ыг Засгийн газарт хамтран ажиллах үед Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Бас саяхнаас дүүргийнхээ намын хорооны даргын албыг авсан байгаа. Энүүхэндээ гэхэд Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо ихээхэн бужигнаантай байгаа аж. Олон жил энэ намын хороог даргалж ирсэн Төмөрбаатарыг хуучинсаг, намын гишүүдээ эвлэрүүлэн нэгтгэх бус хагалан бутаргаж байна гэсэн үндэслэлээр өөрчилж, Д.Цогтбаатарт хариуцуулан өгсөн гэж дуулдаж байсан. Тэгэхээр сонгуулийн өмнө намын хороогоо нэг эвд оруулж, нэгтгэн базах ажил ч МАН-ынхны өмнө байгаа бололтой. 2012 оны сонгуульд энэ дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн “ХАС”-ын гэгдэх Ч.Ганхуяг, МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Ц.Цогзолмаа нар ялагдал хүлээж, АН-аас нэр дэвшсэн Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар ялалт байгуулж байв. Харин тэд энэ удаад жагсаалт руу явж магадгүй. Р.Амаржаргалын хувьд намаас нь жагсаалтын нэг суудлыг өгөх нь тодорхой гэж эртнээс яригдсан бол Л.Гантөмөр ч жагсаалтын бүтцийг зөв харагдуулах үүднээс тэнд баймаар гэх. Тэгээд ч өөр, өөр фракцуудын томоохон төлөөллүүд учраас хоёулаа багтчих магадлалтай талаар өмнө бид дурдаж байсан. Л.Гантөмөр ерөнхий нэр хүнд өндөртэй яваа улстөрч. Түүний боловсролын салбарт хийсэн шинэчлэлүүд, инженерүүдийг олноор бэлтгэх бодлого, мэддэгээс чаддагийг бэлтгэнэ гэсэн нь нийгэмд таалагдаад байгаа төлөвтэй. Гэхдээ тэд жагсаалт руу явлаа гэхэд өөр хувилбарууд ч бэлэн. НИТХ-ын дарга Д.Баттулга энэ тойрогтоо өрсөлдөж байсан танигдсан улстөрч. Бас нийслэлийн орлогч дарга С.Очирбат ч олон жил орон нутгийн сонгуульд энэ тойргийн сонгогчдын итгэлийг дааж гарч ирж байсан. Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан залуу хүн гэлтгүй боломжийн ажиллаж, саяхан дүүрэг нь шилдэг болоод байгаа. Гэхдээ нийслэлийнхэн одоогийн багаараа сонгуульд орно гэж яригдаад байгаа болохоор байдал хэрхэх нь тодорхойгүй л байна.

ЧИНГЭЛТЭЙ

Чингэлтэй мөн л хоёр мандаттай дүүрэг. Өмнө нь гурван мандаттай цэнхэр дүүрэг гэдэг байсан бол 2012 оны сонгуулиар хоёр мандаттай болж, Шударга ёс эвслийн Г.Уянга, АН-ын Г.Баярсайхан нар УИХ-ын гишүүний тангараг өргөж байсан юм. Энэ удаад Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой хүмүүс нам намаас нэлээдгүй байгаа сурагтай. Г.Уянга бол энэ тойрогт уйгагүй удаа дараа үзэж байж 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүний рейтинг Засгийн газрыг огцруулах, зарим хүмүүсийн аав нарт захиа бичсэн зэргээс болоод уначихаагүй бол саяхныг болтол өндөр явсан. АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гурав дахь удаагаа энэ тойрогтоо нэр дэвших гэж байна. Мөн энэ дүүргийн намыг олон жил толгойлж явсан УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар нэр дэвшиж таарна. Тэрбээр өдгөө Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашиж байгаа. Б.Батбаатарыг тойргийнхон нь сайн мэднэ. Түүний хувьд аль нэгэн дарга дагаж, фракц гээд байдаггүй, улс төрд бор зүрх, зарчмыг эрэмбэлж өдийг хүртэл явж ирснээрээ ялгардаг. Анх Баянгол дүүрэгт УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржтой өрсөлдөн ялж, 31-хэн насандаа гишүүн болж явсан улс төрийн авьяас мэдрэмжтэй нэгэн. Харин энэ тойрогт нэр дэвшихээр яригдаж, түвшин түвшиндээ ажиллаад эхэлсэн гэх хүн бол О.Эрдэнэбулган. ТӨХ-ны дэд дарга, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж байсан тэрбээр чингэлтэйнхний хувьд цоо шинэ хүн. Боловсролтой чадалтай залуу гэсэн үнэлэмжтэй нэгэн. Магадгүй энэ тойргийнхон шинэ хүн, шинэ нүүр царай хүлээж байхыг ч үгүйсгэх аргагүй.

МАН-аас өмнө нь өрсөлдөж байсан Д.Зоригтыг дахин үзнэ хэмээж байгаа. Гэхдээ нам нь эрх баригч, өөрөө гол яамны сайд байж ялж чадаагүй. Өнгөрсөн дөрвөн жил нам гүм явснаа дахин гарна гэвэл бүтэхгүй гэх нь ч байгаа юм. Юутай ч тэрбээр хуучин дүүрэгтээ нэр дэвшихээ илэрхийлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход орон гарсан суудал дээр нь нөхөн сонгуульд нэр дэвшин гишүүн болж байсан түүхтэй. Гэхдээ Н.Энхбаяр нэр дэвших санаатай байхад Д.Зоригтыг хүч түрэн тухайн үеийн намын удирдлагуудын дэмжлэгээр дэвшүүлсэн нь өнөөгийн хүч тарамдсаны эхийг тавьсан гэж ярьдаг билээ.

Чингэлтэйд ирж өрсөлдөх гэж байгаа лидерийн сураг бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Тэрбээр Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн бөгөөд 2012 оны сонгуулиар намынхаа жагсаалтад бичигдэж байлаа. Харин энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөх гэж байна. Ерөнхийдөө хотын тойргуудыг нягт судалж яваа болов уу. БЗД ч бас түүнд ойрхон байх талтай. МАН-ынхны хувьд хотын тойрогт өрсөлдүүлэх гэж байгаа хуучцуул нэлээд хэд байгаагийн нэг нь Ө.Энхтүвшин юм. Чингэлтэй дүүрэгт жинхэнэ тулаан болох нь гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байгаа. Учир нь энэ дүүрэгт нэр дэвших санаатай, үүнийгээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байгаа юм. Түүний нэг нь ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан. Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, О.Магнайн дараа ШӨХТГ-ын дарга хийж байсан. Бас одоогийн Чингэлтэйн Засаг дарга Д.Ганболд ч санаатай байгаа. Мандатын тоо нэмэгдэх тухай ярьж байх үед энэ тойрогт бараг таван мандат ирж магадгүй гэсэн тооцоо сонстож байсан. Гэхдээ мандатын тоо нэмэгдээгүй учраас нам бүрээс хоёр хүн л нэр дэвшиж таарна.

ХАН-УУЛ, БАГАНУУР

Энэ тойрогт МАН-аас Ц.Нямдорж гишүүнийг ирнэ гэсэн эхний яриа байгаа. Тэрбээр өнгөрсөн сонгуульд жагсаалтад бичигдсэн, энэ удаа тойрогт өрсөлдөх даалгавартай гэх. Өмнө нь Увсад гурван мандат байхад хоёр залуу гишүүний хамт өрсөлддөг байсан бол өдгөө нийслэлийн тойрогт хүч үзэх нь. Ерөнхийдөө түүний улстөрчийн рейтинг өндөр байгаа учраас аль ч тойрогт торохгүй гараад ирнэ гэж тооцож байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг түүнтэй хамт явна гэж яригдаж байна. Тэрбээр МАН-ын жагсаалтаар орсон цорын ганц эмэгтэй гишүүн болж өндөрлөж буй парламентад ажилласан билээ. Ингэснээр МАН-ынхан өмнөх сонгуульд АН-ынхны Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг хамтран ажиллуулсан тактикийг барих гэж байж ч болох юм.

Мөн энэ тойрогт 2012 онд Ц.Батбаяр гишүүнтэй хамт өрсөлдөөд арай бараагүй “Урбанек”-ийн Д.Лхагважав даагаа нэхэх санаатай байгаа гэсэн. Судалгаагаар бас ч өндөр гарч байгаа сурагтай байна лээ.

Харин АН-ын хувьд Ц.Оюунгэрэл гишүүн дэвшихгүй гэж эхний байдлаар мэдэгдээд буй. Тэгвэл түүний оронд МоАХ-ны Г.Байгальмаа явна гэсэн чигтэй байна. Бас Л.Болд намын жагсаалтад бичигдэж магадгүй тал бий. Бас энэ тойрогт өрсөлдөх талаар эртнээс нэр нь дуулдаж байсан хүн бол ТОСК-ийн дарга А.Гантулга. Түүнийг Хан-Уул дүүрэгт нэлээд дэмжлэг авч магадгүй гэж ярьцгаах нь оргүй зүйл биш. ТОСК-ийн захиалгаар баригдсан Буянт-Ухаа-1, 2 дугаар хороолол энэ дүүрэгт байдаг.

БАЯНЗҮРХ, НАЛАЙХ

Нийслэлийн том тойргуудын нэг. Хүн ам ихтэй, гурван ч мандаттай учраас нэр дэвшигчид аль болох дэвшихээр сонирхож байдаг газар. Энд МАН-аас хуучин дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед ХХАА-н дэд сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нэр дэвшинэ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өнөөгийн дүр төрхөнд нь оруулж чадсан гэгддэг Б.Саранчимэг нар нэр дэвших нь тодорхой байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар саяхныг болтол ажиллаж байсан, урьд нь нийслэлийн орлогч дарга, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар, МАХА үзлийн талаар ярьдаг НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун нарын нэр мөн яригдаж байгаа.

Харин өмнөх сонгуульд энэ намаас нэр дэвшиж байсан Д.Арвин гишүүн сонголтоо улаанаас цэнхэр болгосноор одоо АН-аас нэр дэвшиж таарна. Бас Ж.Батзандан гишүүн хуучин энэ тойрогтоо дэвших бол И.Нарантуяа, Б.Мөнхтуяа гээд баянзүрхчүүдийн хуучны танил нэр дэвшигчид ч эндээ өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бас БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нэр дэвших амбицтай л суугаа байх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг жагсаалт руу орохгүй бол Баянзүрх дүүрэгтээ эсвэл Дорнод руу явж магад. Харин МАХН-аас Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон нэр дэвшинэ. Ер нь үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар цэргийн ангиуддаа өөриймсөн энд нэр дэвшдэг уламжлалтай.

Ер нь хотын дүүргүүдэд намын лидерүүд, УИХ-ын гишүүд хөдөөнөөс сэлгэн дээрээс орж ирэх магадлал тун өндөр байгаа. Тэр хүрээнд Ж.Энхбаяр гишүүний нэр ч энд дуулдаж л байгаа аж.

СОНГИНОХАЙРХАН

Хамгийн олон сонгогчтой дүүрэг. Энд өнгөрсөн сонгуулиар саналын маргаан гарч хэсэг яригдаж байж орж ирсэн Д.Сумьяабазар гишүүн дахин өрсөлдөнө. Тэрбээр дүүргийн байтугай нийслэлийн намын хороондоо нөлөөлөлт нэгэн. Харин сонгогчдоо хэрхэн ивээж, сэтгэлд нь хүрч ажиллаж чадсан эсэх нь ирэх зургадугаар сард мэдэгдэнэ дээ. “Бишрэлт”-ийн гэгдэх Б.Ундармаа энэ тойргийг мөн ч их тойлсон доо. Хүүхэдтэй ээжүүдийг бөөцийлж, шинэ жилийн материаллаг мэндчилгээ гээд ер нь байдгаа л энэ тойрог руу барьж байгаа байх. Нэг хэсэг түүнийг Дорнод руу явлаа гэдэг мэдээлэл хүчтэй цацагдаж байсан нь зорилготой мэдээлэл байсан болов уу. Түүнээс СХД-ийг тэгтэл их тордчихоод хаяад явна гэдэг худлаа гэх хүмүүс олон байгаа билээ. Д.Сумьяабазар өөрийн гарын хүн СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гэдэг хүнийг дагуулаад орчих санаатай гэх.

АН-ын хувьд Сонгинохайр­ханд О.Магнай ихээхэн нэр хүндтэй байгаа дуулдана. Мэдээж Н.Алтанхуягийн хувьд энэ унаган тойрог нь. Гэхдээ жагсаалт руу явчихаж магадгүй байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээж эндээ өрсөлдөнө. Өөр нэг шинэ хүн энд өрсөлдөх гэж байгаа нь Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар аж. СХД-ийн АН-ын дарга тэрбээр “Хөх чоно” хэмээх бизнесийн томоохон компанитай гэгддэг. ИЗНН-аас С.Оюун дарга хуучин тойрогтоо ирж магадгүй. 2012 оны сонгуульд намынхаа нэрээр эхний хоёрт бичигдсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүн болж байсан бол саяхан өөрчлөгдсөн хуулиар намуудын нэрээр авсан хувь суудал нь ядаж нэг тойрогт ялалт байгуулснаар баталгаажих болсон. Тэгэхээр С.Оюун гишүүн хуучин СХД-тээ эсвэл өмнө гарч байсан Дорнод руугаа явж болох юм.

БАЯНГОЛ

Энэ тойрогт ерөнхийдөө тодорхой. АН-аас С.Эрдэнэ үзнэ. С.Одонтуяатай хамтдаа нэр дэвшин гарч ирсэн тэднийг багагүй хэмжээний хөрөнгийг тойрог руугаа татсан гэдэг. Саяхан С.Одонтуяа намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар нэг саналын илүүгээр очсон. Тэгэхээр тэр шууд жагсаалтад бичигдэх боломжтой болж байгаа гэсэн үг. Гэхдээ өөрөө тойрогтоо үзэх бодолтой байгаагаа сонгогдсоныхоо маргаашнаас илэрхийлсэн. Сонгууль дөхөх үед байдал ямар болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Хэрэв жагсаалт руу явуулбал АН-ын хувьд шинэ тутам эмэгтэйг явуулж магадгүй гэгдэж буй. Үүн дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа гэсэн нэр дуулдаж байна лээ. Харин МАН-ын хувьд саяхан намын үүрүүдээсээ нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулж дууссан аж. Ингэхэд үүрүүдээс нь хуучин дүүргийн дарга Л.Амгалангийн нэр гарч ирсэн дуулдана. Тэрбээр дахин нэр дэвшихээр яригдаж байгаа. Түүнийг намынхан нь “Тойргийнхон бүгд мэдэх хүн. Засаг дарга байхдаа хийсэн ажлуудыг нь одоо ч ярьдаг болохоор хүний хуучин, дээлний шинэ нь дээр” гэлцэж байгаа бололтой. Түүний хувьд өмнө нэг өвдөг шороодож үзсэн бас хал үзсэн нэгэн болохоор одоо даагаа хатуухан нэхэх талтай. Л.Амгалантай хамт “Оргил” худалдааны төвийн Ж.Ганбаатар хамт явахаар болжээ. Тэрбээр хэд хэдэн удаа НИТХ-ын сонгуульд өрсөлдөн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад УИХ-ын хэмжээнд өрсөлдөхөөр шийджээ. Бас энэ дүүрэгт яригдах хүн бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил байгаа.

Ерөнхийдөө дүүргүүдэд хуучин нэр дэвшигчид голдуу яригдаж байгаа ч нам намын хуучцуул орж ирэх магадлал их байгааг аль аль намдаа ярьж байгаа юм. МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас С.Ламбаа тэргүүтэй хуучны ланжгарууд хотын аль ч тойрог дээрээс нэг, нэг суудал авчирч мэдэх тул хуучин тогтсон жишгээс ихээхэн өөрөөр намууд нэр дэвшигчдээ зураглахыг үгүйсгэх аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *