Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн газар хамтран жил бүр сурлага, спортын амжилтаараа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслол хийдэг уламжлалтай. Энэхүү наадам нь таван номинацид сурагчдыг шалгаруулдаг юм. Өнөөдөр Монгол гуравдугаар сургуульд Нийслэлийн шилдэг манлайлагч болон тамирчин сурагчдыг тодрууллаа. Тус шалгаруулалтанд есөн дүүргээс шалгарсан 18 сурагч нэр дэвшсэн юм.

Энэ жилийн Нийслэлийн шилдэг тамирчин хүүхдээр Биеийн тамир спортын сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Энхчимэг, Нийслэлийн шилдэг манлайлагч сурагчаар Монгол гуравдугаар сургуулийн 12Б ангийн сурагч О.Нандинцэцэг тус тус тодорлоо.

Энэхүү шагнал гардуулах ёслолыг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр үг хэлсэн юм. Мөн тус ёслолд Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-өлзий, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Сүхбаатар дүүргийн хүүхдийн элч, МУСТА жүжигчин, найруулагч Б.Навчаа нар хүрэлцэн ирэв.

2017 оны Нийслэлийн шилдэг тамирчин хүүхэд Ц.Энхчимэгийн амжилтуудаас дурьдвал: 2017 онд Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Киргиз улсад болсон Жүдо бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль тус тус хүртсэн юм.

2017 оны Нийслэлийн шилдэг манлайлагч сурагч О.Нандинцэцэгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Миний үеийн маш олон мундаг хүүхдүүд байгаа. Тэдний дундаас малайлагч хүүхэд болж тодорсон учраас өндөр хариуцлага ирж байна. Надад хэцүү үе тохиолдож шантрах үед урмын үг хэлэн дэмжиж байсан эцэг эх болон сургуулийнхаа бүхий л багш, мэтгэлцээний хамтрагчид, найзууддаа баярласнаа илэрхийлэе” гэлээ.

Тэрбээр илтгэх урлагийн мэтгэлцээнээр хичээллэдэг. Түүний энэ онд гаргасан амжилтуудыг дурьдвал: ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвтэй хамтран зохион байгуулсан “Найрамдал-2017” Карл Поппэрийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр, СБД-ын аварга шалгаруулах Карл Поппэрийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр, Нийслэлийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд тэргүүн байр, Оюуны давалгаа зургаан улсын уралдааны аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр, Нийслэлийн аварга шалгаруулах Карл Поппэрийн мэтгэлцээний тэмцээнд гуравдугаар байр, Улсын аварга шалгаруулах Карл Поппэрийн мэтгэлцээний тэмцээнд гуравдугаар байр, Манлайллын боловсролын үндэсний төв шилдэг уран илтгэгч тус тус хүртсэн юм.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *