Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой байдлын газар музейтэй боллоо

Нийслэлийн онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейнхээ үүдийг нээж анхны зочдоо хүлээн авлаа. Музейд тус байгууллагыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургаас эхлээд түүхэн замналыг харуулах гэрэл зураг, баримт бичиг, эд материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, гавьяа шагнал зэргийг дэлгэсэн байна.

Түүнчлэн алба хаагчид хувийн цуглуулгаасаа музейн сан хөмрөгийг баяжуулжээ. Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой аж. Тухайлбал, гамшиг осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшныг буулгасан гэрэл зураг нь дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамж агуулсан байдаг. Тус албанд хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээс тус салбарын хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой юм байна.

Нийслэлийн аврагчдын хэрэглэж байсан модон шат музейн үзмэрийн нэг содон үзмэр болсон тухай албаныхан онцолжээ. Музейн нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *