Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд болох уу?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө саяхан өгсөн. НИТХ-ын даргын албан тушаалаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал эзгүйрч үлдсэн. Одоо энэ хоёр том албан тушаал дээр хэн очих вэ гэдэг тулаан ид өрнөж байна. НИТХ-ын даргад Ц.Сандуйг огцруулах хөдөлгөөнийг тэргүүлсэн гэгдэх МАН-ын Бага хурлын гишүүн төлөөлөгч С.Амарсайханы нэр явж байгаа бол нөгөө талаас буюу Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зураагүй төлөөлөгчдийн нэг болох Ц.Сандаг-Очирыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын улс төрийн албан тушаалын хувьд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар дарга болох сонирхлоо ил цухалзуулж байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүсийн нэрс дуулдаж эхэлсэн ч нэгэн битүү морь сунгаанд давхиж яваа юм. Нэр нь огт яригдахгүй байгаа тэр хүн бол хотын дарга Су.Батболд. Ер нь МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хийж буй гол улс төр бол намын дарга нь Ерөнхий сайд болох тухай яриа болсон. Намын дарга нь Ерөнхий сайд болоогүйгээс өнөөдрийн хагарал хийгээд Засгийн газар огцрох хэмжээнд хүртлээ туллаа гэсэн шүүмжлэл хүчтэй яригдах болсон. Дашрамд дурдахад М.Энхболдыг УИХ-ын сонгуулийн дараагаар Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт байсан ч үүнийг эвдэж УИХ-ын дарга болсон. Одоо М.Энхболдын гол алдааг намын дарга байсан мөртлөө Ерөнхий сайд болоогүй гэж үзэж байгаа. Энэ нь засаг төдийгүй намын эв нэгдэл, бэхжилтэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг улс төрийн лидерүүд, ажиглагчид хэлж буй юм. Энэ үзэл санаа явсаар одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал дээр яригдаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын дарга байх ёстой гэсэн яриаг улс төрийн хашир туршлагатай хүмүүсийн амнаас дуулах боллоо. Ингэж байж улс төрийн хийгээд төрийн ажил урагштай явна гэсэн яриа нийслэлийнхний дунд ид яригдаж байна. Энэ яриа хуурай өвсөнд түймэр ассан мэт ид өрнөж байгааг хэлэх байна. Засгийн газраа огцруулахдаа тулсан МАН-ын бужигнааныг нэг толгойтой яваагүйгээс гэж өөрсдөө товчхондоо дүгнэчихсэн. Тиймээс Нийслэлийн намын хорооны даргын улс төрийн албан тушаалыг хотын дарга нь авч явах нь зүйтэй гэсэн хувилбарыг дэмжиж буй хүн олон гарч байна.

Тэгээд ч энэ нь байж болох боломжтой хувилбар юм. Сая Нийслэлийн намын дарга нь хотын даргаасаа тусдаа байснаас хоёр толгойтой болсон гэлцдэг. Нэг сүүлтэй 1000 толгойтой могойн үлгэр гэдэг шиг. Сая нийслэлийн ажилд шүүмжлэлтэй хандах болсон асуудлууд үүсэхэд ч цаад углуургаараа үүнээс болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Тиймээс Су.Батболдыг намын даргаар тавихаар ярьцгааж байгаа гэдэг нь баараггүй болж байх шиг байна. Хотоо ч бодсон ирэх сонгуулиудаа ч бодсон нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн ажлуудыг хийхийн тулд хот маш сайн ажиллах хэрэгтэй болоод байгаа. Ц.Сандуйгаас болж сэвтсэн нэрийг эргээд авах хэрэгтэй байгаа. Ийм үед улс төрийн хамгийн оновчтой шийдлийг Су.Батболд гэж харж байгаа бололтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *