Нийслэлийн
II амаржих газрын эмч, сувилагчид жагсаал хийж байна. Тус амаржих газрыг тойрон
өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас даарах
болжээ. 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн
нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн
захиргаанаас Нийслэлийн
удирдлагууд болон, эрүүл мэндийн газартаа хандаж,
нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна.
Тендерт шалгарсан компани инженерийн
шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн
эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг
нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Шугам татахыг зөвшөөрөөгүй
шалтгаанаа дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр
нөлөөлнө” гэж тайлбарлажээ.
Дулааны шугамыг нэмж татахгүй бол
өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг
өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлэж байгаа юм.
“Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч
гарах дулааны шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагын
тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч эсэргүүцсээр байгаа аж.
Тиймээс тус амаржих газрынхан ажилд саад учруулж, эх, нялхсын эрүүл мэндийг
эрсдэлд оруулж буй “Улаанбаатар” их дэлгүүрийн гаднах талбайд жагсаал хийж, амаржихаар
ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны “Нийтийн эзэмшлийн
талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан” гарын үсэг бүхий өргөх бичгийг
дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Орон сууцуудад халаалт ирээд хоёр долоо хонож байна. Гэтэл халуун намраар тус
төрөх эмнэлгийн нэгдүгээр давхрын өрөөнүүд сэрүү татаж байна. Хүйтэн хөндий өрөөнүүддээ халаагч суурилуулж
эх, нялхаст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай тус амаржих газрын ерөнхий
эмч Д.Оюунханд ярилаа.