Categories
мэдээ улс-төр

Нийслэлийг дагуул хоттой болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Монголын хотуудын холбоо ТББ, НЗДТГ-тай хамтран “Монгол Улс – Хотууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр, аймгуудын Засаг дарга, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймгийн төвүүдийг хот болгох, хот биеэ даахын ач холбогдол, хотын жишиг дүрмийн танилцуулга, зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох ажлын явцын талаарх мэдээллийн танилцууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, иргэдийн оролцооны талаар танилцуулав. УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилт дэвшүүлсэн юм. Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 21, 22-нд болж иргэдийн 95,1 хувь нь хот байгуулахыг дэмжсэн бол Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 21-ний өдөр болж иргэдийн 96,1 хувь нь хот байгуулахыг дэмжсэн. Тус 2 дүүрэгт дагуул хот байгуулах ажил 75 хувьтай явж байгаа гэдгийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэлж байв.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Монголын Хотуудын холбоо ТББ-аас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Сүүлийн үед хот байгуулах үйл явцын мөн чанарыг иргэд ойлгохгүй байна. Тийм учраас энэхүү хэлэлцүүлэг маш чухал юм. Хот болохын тулд хамгийн эхэнд үндсэн дүрмээ боловсруулах хэрэгтэй. Үндсэн дүрэмгүй хот оршин тогтнох боломжгүй. Иймээс Та бүхэн хот байгуулахын ач холбогдлыг ойлгож, хүчээ нэгтгэн хамтран зүтгэх хэрэгтэй” гэлээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор хот суурин, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор бүх аймгийн төв болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөх бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд аймгийн төвүүд бие даасан статустай хот болон хөгжих боломжтой юм. Нийслэл болон бусад хотууд өөрийгөө тэтгэх эдийн засагтай, бие даасан төсөвтэй байх шаардлагатай бөгөөд үүний тулд хотын татвартай болох асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Засгийн газраас санхүүгийн төвлөрлийг багасгаж, нутгийн удирдлагад төсвийн эрх мэдлийг шилжүүлэх бодлого барьж байгаа тул 2015 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсанаар орон нутаг эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх болж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *