Улсын Онцгой комисс нийслэлд тогтоосон эрсдэлийн хоёрдугаар буюу шар түвшинг нэг шат ахиулж, 14 хоногийн хугацаанд улбар шар бүс рүү шилжих шийдвэр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 15-ны 06:00 цагаас хэрэгжиж эхэллээ.
Энэхүү улбар шар түвшинд шилжсэнээр дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Үүнд:
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар /Диско болон кароаке/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/
11. Саун, бассейн /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/
Мөн нийслэлд Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж байгаа юм.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлнэ.
Мөн хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авч байна.