НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хурлын 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3,341м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэсний дагуу Архивын ерөнхий газрын хамт олны нэрэмжит гудамж бий болжээ.
Архивын ерөнхий газар нь Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүхий л төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны ууган байгууллагуудын нэг юм.
Өдгөө 94 дэх жилтэйгээ золгон үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллагын хамт олны зүгээс Монгол Улсын архивын салбарын түүхэн уламжлалыг хадгалах, архивын салбарын албан хаагчдын гавьяаг алдаршуулах, архивын байгууллагын байршлыг олон нийтэд таниулах зорилгоор “Архивчдын гудамж”-тай болох хүсэлтээ салбарын сайдад тавьсныг дэмжиж, холбогдох байгууллагад уламжлан ийнхүү шийдвэрлүүлсэн байна.