Улаанбаатар хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн, үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй байгаа билээ. Шинээр суваг, шуудуу барьсан ч анхаарахгүй байсны улмаас хогоор дүүрдэг.
Нийслэлчүүд бороо орж үер буусны дараа сүр бадруулан суваг, шуудуугаа ярьж эхэлдэг гэмтэй. Улаанбаатар хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй километр бий аж. Авто замын гадаргуугийн усыг 2000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Гэвч бороо орох бүрд авто замууд усаар дүүрч, автомашины хамраар татаж, явган зорчигчид руу ус цацах нь энгийн үзэгдэл болсон билээ.
Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг байна. Гэвч зарим иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдрэл үүсдэг талаар албаныхан хэлж байна. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг бөгөөд худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барьдаг зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагаа алдагддаг аж.
Нийслэлийг анх 600 мянга гаруй хүн амд төлөвлөн барьсан бол өдгөө хүн амын тоо 1.3 сая болж өсчээ. Жил ирэх тусам хөдөөнөөс хотыг зоригсдын тоо нэмэгдэж, үерийн эрсдэлтэй газар буух нь түгээмэл болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүсэд аж төрж буй 2800 гаруй айл өрх байна.
Эх сурвалж: news.mn