Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 1165 км зам байдгаас 40 хувь нь маш муу байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал өчигдөр хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү?
-Нийслэлийн хэмжээнд 1165 км зам байдаг. Үүнээс 40 орчим хувь нь маш муу зам гэсэн чанарын үнэлгээ гарсан. Дунд зэргийн үнэлгээтэй зам 30 орчим хувь, сайн чанарын үнэлгээтэй зам мөн 30 орчим хувь бий. Энэ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, замын бусад байгууллагын судалгаагаар гарсан үнэлгээ юм. Улаанбаатар хотын зам засвар, арчлалтын системд өөрчлөлт хийхгүй бол замын чанар улам бүр муудна.

Бид үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэхээр шинэчлэлийн асуудал ярьж байгаа. Өнөөдөр зам засварын ажил, замын нөхөөс, бусад тооцооллыг гараар хэмжиж байна. Бид замын нөхөөс болон нөхцөл байдлыг лазераар секундэд маш хурдан хэмждэг, тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр зам засвар, арчилгаанд зөв, бодит үнэлгээ гаргах, нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын замын асуудал зөвхөн авто замын газарт төвлөрч байгаа. Бид есөн дүүрэгт зам засвар, арчилгааны байгууллагууд байгуулж, хариуцлага хүлээлгэн, замын нэг ч хэсгийг үлдээхгүй байхаар төлөвлөж, ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн төсөв арванхоёрдугаар сард батлагддаг. Зам засварын ажил долдугаар сард эхэлдэг. Харин Япон Улсад дөрөвдүгээр сард төсвөө баталдаг учир нэгдүгээр сард замын ажил эхэлдэг. Эрх зүйн зохицуулалт хийх асуудал байгаа. Замтай холбоотой тендерийн асуудлыг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлж байгаа. Компаниуд шалгарч, гэрээгээр ажил гүйцэтгэнэ. Тиймээс зам засварын ажил цаг хугацаандаа хийгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *