Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд Тасганы овоон дээр шинийн нэгний нарыг угтлаа

Нийслэлчүүд Тасганы овоон дээрээс Алтан унжлагат тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтлаа.

Тасганы овоо шинийн нэгний өглөөний 06.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 08.00 цагт хөл хишгих зайгүй шахам олны хөлд дарагдсан юм. Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Уламжлал ёсоор нийслэлчүүд энэ л өдөр Тасганы овоог зорин шинийн нэгний нарыг харахаар өглөө эртлэн цугласан байв.

Цайны дээжээ өргөх ижий, үр хүүхдээ даатган сүсэглэх өвгөд, буурай, уламжлалаа хүндэтгэх залуус овоог гурвантаа тойрно. Наран ургахтай зэрэгцэн мөрөө гарган уламжлалт зан үйл хийн цээр гарган цаас хийсгэн, гал зурах олон ч байв.

Овоон дээр энгийн иргэд, төрийн цагдаа, бөө, удган гээд сүсэг бишрэлээрээ цугласан хүмүүс тус тусын ёсыг үйлдэх бөгөөд зарим нь нар мандахыг хүлээн гал асаан дулаацаж байлаа.

Мөн хэсэг иргэд Тасганы овоон дээр овоондоо сүсэглэхээр ирсэн шинэлэгчдэд овоонд өргөх будаа, хийморийн дарцаг борлуулан байв.

Мөн цай, сүүний дээжээ өргөх ээжүүд, эрчүүд, бүсгүйчүүд ургах нарыг хүлээн өөр өөрийн ёсыг үйлдэн сүсэглэнэ.

Үүрийн таван жинтэй уралдан Тасганы овоог зорин ирсэн нийслэлчүүд цагаан сарын шинийн нэгний мандах нарыг ийнхүү хамтдаа “уухай” хадаан угтацгаалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *