БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын хоёр бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгуулжээ. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд 422 км зам ашиглагдаж байгаа юм байна. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжинд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын зургаан км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амнаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны долдугаар сард нээхээр төлөвлөөд байгаа аж.