Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсов.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрөл олгож байхаар зохицуулжээ. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг ч “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт уг хуульд байдаггүй аж. Иймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дунджийг үндэслэл болгон 200 000-400 000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.


Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойших хугацаанд 10 шахам удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч нийгмийн даатгалын одоогийн мөрдөж хуулийн зарим зүйл, заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах боломжгүй болж, амьдралд хэрэглэхэд ойлгомжгүй, нөхцөл үүсгэж байгаа.Түүнчлэн даатгуулагчийн ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа, авч байсан цалинтайгаа уялдаатай тэтгэвэр тогтоогдох зарчим, бодлого алдагдах сөрөг үр дагавар бий болж байгааг арилгах зорилгоор хуулийн холбогдох заалтыг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул уг хуультай нийцүүлэн нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл зохиох, сангийн гүйцэтгэлийн тайлан гаргах, тайлагнах цагалбарыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр хуулийн төслөөрдаатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байх, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтыг батлах асуудлыг тодорхой болгох, сайн дураар даатгуулагч нь шимтгэлийг сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдүүлэх зэрэг зохицуулалт хийх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 17 гишүүн санаачлан боловсруулж энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан нар танилцуулав.


Манай улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мал аж ахуй томоохон байр эзэлдэг. Тухайлахад, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйгаас үйлдвэрлэж байгаа бол хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулдаг малчин өрх байгаа аж. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой ч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас шалтгаалан сар бүр шимтгэл төлөх боломжгүйгээс даатгалд хамрагдах нь бага байдаг. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.

Иймд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл төлөх хугацааг тэдний эрхэлж буй үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан уян хатан зохицуулах, нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл ньнийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа,газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах юм байна. Хуулийн төсөл батлагдаж, сайн дураар даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан зохицуулснаар малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээ тэлж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай гэж төсөл санаачлагчгишүүд үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан бол хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Сүүлийн жилүүдэд малчдын тоо 20 хувиар буурч, насжилт нь хот, суурин газрынхнаас 5-7 насаар богиноссон баримт байна. Иймээс энэ хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал. Энэ бол нийгмийн захиалга гэж төсөл санаачлагчийн нэгийн хувьд үзэж байгаа” гэлээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 37 нь буюу 72.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн боддого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших хуралдаан 14 цагаас эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *