Categories
мэдээ нийгэм

Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар чадавхжуулах сургалтад хамрагдлаа

“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн албан бус боловсролын салбарт ХДХВ-ийн халдварыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хүчирхийллийн хохирогчидтой ажилладаг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарыг чадавхжуулах сургалтад хамруулжээ. Энэ удаагийн сургалтанд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар оролцлоо. 2015 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй энэхүү сургалтанд нийт 150 орчим нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч нар хамрагдсан байна.

Сургалтын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиж үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан аж. Сургалтаар ХДХВ/ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, тархалт, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээ, өртөлийн дараах болон өртөлийн өмнөх сэргийлэлт, шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө, зөвлөгөө өгөх ерөнхий зарчим, хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, зан байдлын өөрчлөлттэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй сэдвүүдээр мэдээлэл өгч, практик дасгал ажиллуулан ур чадварыг нэмэгдүүлэн сэтгэл заслын аргуудыг заасан байна.

2015 оноос хойш сургалт орж буй ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Оюунбэлэг “Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарыг сургана гэдэг нь эмч хүний үүднээс авч үзэхэд их шинэлэг санаа юм. Бид нар эмчийг сургана гээд байдаг, гэтэл хүнтэй хамгийн ойр ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг сургана гэдэг маш их давуу талтай гэдгийг энэхүү сургалтаас харж байна. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар хүмүүстэй байнга харьцдаг, хүмүүст байнга мэдээлэл өгдөг. Сургалтанд хамрагдаж байгаа байдлыг харахад идэвхтэй, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байдаг” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *