Categories
мэдээ цаг-үе

Нэрт уртын дууч Солийн Цоодолын хүү Ган-Өлзий: Жамцын Бадраа гуай, манай аав хоёр Монголын өв соёлынхоо төлөө бүхий л насаараа зүтгэсэн дээ


Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав болон морин хуурч Г.Жамьян, уртын дууч С.Цоодол нарын урлаг соёлын алдартнууд

“Миний аав” буландаа энэ удаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт уртын дууч Солийн Цоодолын хүү Ц.Ган-Өлзийг урилаа. “Уяхан замбуутивийн наран”, “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу”, “Алиа саарал” гээд олон чиг уртын дууг давтагдашгүй өвөрмөц хоолойгоор дуулж Монголын их урлагийн алтан сан хөмрөгт үлдээсэн хүн нь Солийн Цоодол гуай юм. Мөн түүний аялгууг нь зохиосон “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Хүү минь хаана дуулж явна” зэрэг бүтээл олны сэтгэлд хоногшин үлджээ.


-Солийн Цоодол гуайг хэлмэгдэж нутаг заагдаж явахдаа Монголын соёл урлагийн өв санг баяжуулсан гэдэг. Бараг л хэлмэгдсэн нь зөв болсон гэдэг юм билээ. Ингэхэд юунаас болж хөдөө гадаа туугдахдаа тулав?

-Өнөө эсэргүү гэгдэж байсан Лоохууз гуай нутаг заагдаад явахад төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж, яруу найрагч Мишигийн Цэдэндорж, аав гурав очсон юм билээ. Тэгээд аав “Нэг л өдөр миний найзад үнэн ирнэ” гээд Лоохууз гуайн сэтгэлийг засах гэж “Өвгөн шувуу” дуугаа дуулсан гэдэг. Эсэргүү нөхөртэй холбоотой хэмээн аав өөрөө буруудсан нь тэр л дээ. Энэ тухай Лоохууз гуай дурсамжийнхаа номонд тодорхой бичсэн байдаг. Ер нь үндэсний язгуур урлаг, өв соёлынхоо төлөө явснаараа Цэдэнбал Филатовад ад үзэгдэж хэлмэгдэж байсан. Тэгээд мэдээж нутаг заагдсан. Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай гээд очиж ажиллаж, амьдраагүй аймаг ховор. Шарын голд хүртэл очиж байсан. Нутаг заагдаж очсон газар бүртээ соёлын үрийг тарьж, тухайн газар нутгаас ардын өв уламжлал, уртын дуугаар хөглөгдсөн авьяастнуудыг төрүүлсэн.Үндсэндээ хөдөө ажиллаж байхдаа нутаг нутгийн хөгшидтэй уулзаж хуучны дуу цуглуулах, ардын язгуур урлаг уртын дуу судлах ажлынхаа гол нурууг тэгж гаргаж авсан байна. Энэ бол том гавьяа. Энэхүү гавьяаг нь үнэлж хүмүүс хэлмэгдсэн нь бараг зөв, Цоодолд шийтгэл биш, шагнал болсон гэдэг юм.

-Танай аавыг Маршал Чойбалсан хөдөөнөөс авчирч уртын дуучны их замд оруулсан гэж дуулсан?

-Аав минь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1927 онд төрсөн. Цагаан сарын битүүний өдөр төрсөн байдаг. Эсэргүүний хүүхэд хэмээн адлагдах вий гэсэндээ ааваараа биш, ээжээрээ овогложээ. Арван дөрвөн насандаа нутгийнхаа жинчдийг дагаж нийслэл хүрээ орж үзсэн гэдэг. Морь сайхан уургалдаг, бас ч үгүй сум аймгийнхаа наадамд шаггүй барилдаж ноцолддог, тийм л сүйхээтэй, сэргэлэн цовоо хүү байсан гэнэ. Дуулах дуртай, нутаг усныхаа найр хуримд уригдаж дуулдаг аавд минь дөчин дөрвөн онд азтай учрал тохиосон нь Маршал Чойбалсантай уулзсан явдал. Маршал Өвөрхангайд явж байхдаа “Сайхан дуулдаг хүү байна, сайн дуучин болж магадгүй” хэмээн аавыг хотод дагуулан ирж алдарт уртын дуучин “нарийн хоолой” Пунцаг багшид шавь оруулсан. Дараа нь мөн нэрт дуучин Жигзавын Дорждагва гуай аавд багшилсан түүхтэй.

-Сургууль соёлын мөр хөөсөн, мөн ажил амьдралын гараагаа эхэлсэн тухайд нь ярихгүй юу?

-Тавин гурван онд цэргийн албанд татагдаж улмаар ардын армийн ансамбльд дуучнаар ажилд орсноор урлагийн байгууллагад ажиллах гараагаа эхэлсэн. Цэргийн албанаас халагдан соёлын яамны мэдэлд шилжиж Ажилчны соёлын ордонд дуучнаар, мөн Хүүхдийн ордны найрал дууны багшаар томилогдсон. Жаран оноос Ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад дараа нь Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газарт хөгжмийн нэвтрүүлгийн редакцид дууны найруулагчаар ажилласан. Мөн наяад оноос Монголын үндэсний телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн редакцид ажиллаж “Ардын хөгжмийн өв сан” нэвтрүүлгийг бэлтгэсэн. Монголын олон ястан үндэстнүүдийн дуу хөгжмийг уг нэвтрүүлгээр дамжуулж үлдээсэн байдаг. Сургуулийн тухайд гэвэл Марксизм Ленинизмын дээд сургуулийг дүүргэсэн хүн юм.

-“Нэг өнгөн дээр хичнээн давлагаа долгисуулан хийж чадах тийм өвөрмөц дуучин” гэж Жанцанноров бахдан хэлсэн удаатай. Үнэхээр ч Цоодол гуайн “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу”, “Үлэмжийн чанар”-ыг сонсохоор нэг л өөр байдаг. Хоолойд нь нэг ид шидийн зүйл байна гэдэг нь мэдрэгддэг?

-Аавынхаа дуулж амьдруулан олонд хүргэсэн дуунуудыг нь Монголын радиогийн алтан фондноос авч “Хүү минь хаана дуулж явна”гэсэн нэртэй уран бүтээлийнх нь цомгийг гаргалаа. Мөн аавынхаа бүтээлээр ном товхимол гаргасан юм. Түүний өмнөтгөлд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Цоодол монгол ардын уртын дуу, богино дуу болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээсэн олон дууг дуулж, дуулах урлагт өөрийн өвөрмөц өнгө аясыг буй болгосон гарамгай дуучин. Тэрээр алдарт дуучин Магсархурцын Дугаржав, Ж.Дорждагва нарын зэрэг монгол хөгжмийн суу билэгтнүүдийн дуулах хэв намба, сэтгэлгээний уламжлалыг бүтээлчээр сурч өөрийн цаг үеийн онцлогийг дуулах урлагт гаргаж ирсэн” хэмээн бичсэн. “Үлэмжийн чанар”-ыг Цоодол багш дуулаагүй бол цаашид хүмүүс нэг их дуулахгүй байсан ч магад гэж Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш Дэлгэр гавьяат хэлдэг. Аав минь ардын болоод богинын дууны тэр олон сайхан шигтгээ, эрдэнэсийн чулуунуудыг шигтгэн цуглуулж өнөө үед авчирснаараа гавьяатай. Уртын дууг дуулдаг өөрийн гэсэн философитой Цоодол судлалыг гаргаж ирээсэй гэж урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг юм.

“Ардын элч” кинонд Бадарч хөтөлгөө морьтой мордоод Дарьбазарт захиа өгөхөөр явахад “Ширээ нуур”-ыг дуулдаг хэсэг бий. Тэр дууг аав дуулж Монголын кино урлагт дуу хоолойгоо мөнхөлсөн. Аавыг гудманд алхаж явахад нь дуудаад шууд дуулуулсан гэж шавь нар хэлдэг. Тэгэхэд нь “За би ганцхан дуулъя” гэж дуулчихаад, дахиад нэг дуулахгүй юм уу гэхэд “Морь унасан тэр хүн чинь юу гэж л хоолойгоо засаад дахин дахин дуулаад нуураа тойроод байв гэж дээ” гэж хэлчихээд гараад явчихсан гэдэг. Ганцхан удаа шууд дуулсан тэр дууг нь хөгжмийн мэргэжилтнүүд “Хүлэг морин дээр давхиж яваа хүн тийм амьсгаагаар, тийм хүчээр дуулна болов уу” гэдэг. Аав минь уртын дууг тэгж л нарийн нягт мэдэрч дуулдаг байжээ. Аавын тухай анх төрийн хошой шагналт, нэрт зохиолч Дашзэвэгийн Сэнгээ гуай тухайн үеийнхээ төв хэвлэлд “Ирээдүйн алдарт дуучны тухай” хэмээн бичсэн байдаг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Олны хайрыг булаасан этгээд” гэж бичиж байсан. Ер нь аавыг “Энэ цагт Монголоороо үлдсэн ганц хүн” гэж тунхагласан хүн бол Б.Лхагвасүрэн юм.

-Монголын соёлын нэрт зүтгэлтэн Жамцын Бадраа гуай танай аавыг “Сайн дуучин, лут судлаач, авьяаслаг хөгжмийн зохиолч” гэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй тодорхойлсон нь бий. Уртын дууны хөгжмийг хэн дуртай нь зохиодоггүй нь үнэн л дээ?

-Аав минь ачит ижий, аавынхаа дурсгалд зориулж “Хүү минь хаана дуулж яваа бол” гэсэн дууны шүлэг бичиж, түүндээ өөрөө аялгуу зохиосон. Арван хэдэн насандаа гэрээсээ гарсан хүүгээ харуулдсан ээж нь “Хүү минь хаана дуулж яваа бол” гэж нисэн ирэх шувуудаас хүртэл асуух нь холгүй байсан тухай нутгийнхан нь аавд хэлдэг байж. Энэ дууг араажаваар сонсоод уйлдаг байснаа урлаг судлалын доктор зохиолч Ж.Саруулбуян ах хэлж байсан. Тухайн үеийн Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Заяат гээд хүн сонсоод уйлсан тухай дуулддаг юм. “Хүү минь хаана дуулж явна” дууг аавын минь шавь морин хуурч С.Пүрэвжав, урлаг судлаач доктор Р.Оюунбат болон хөгжимчин Ө.Цэнд-Аюуш, Цэрэнсодном нар хуурын татлага, ятга, шанзны аялгуугаар зэрэг хөгжимдсөн нь онцгой санагддаг. Ийм л уртын дуу, хосгүй сайхан бүтээлийг ижий, аавынхаа дурсгалд зориулж аав минь хийсэн. Мөн Жамцын Бадраа гуайн шүлэг “Шаавай төржээ”, өөрөө үг аялгууг нь зохируулсан “Од гариг мишээж байна” гээд олон тансаг дуу бий. Тэр бүгдээс ард түмний сэтгэлд гайхалтайгаар буусан нь “Монгол нутгийн үзэсгэлэн” юм. Шагдарын Дулмаа гуайн шүлэг энэ дуу наадам, Монголын уламжлалт баяр ёслолоор заавал дуулагддаг. Тэр бүхэнд ааваараа бахархдаг. “Ээж болсон элбэг уст Онгийн гол минь, аав болсон Баян хайрхан Ханхөгшин уул минь” гэж аав минь залбирдаг. Тэр л сайхан ус нутагтаа зориулж ардын дуугаа бүтээсэн байлгүй.

“Зээрийн сүрэг бэлчсэн

Шаргал талын зэрэглээ

Хээрийн салхи үлээсэн

Монгол нутгийн үзэсгэлэн

Миний нутгийн сайхныг

Мэлмий тэнүүн ширтмээр

Мэндэлж төрсөн болохоороо

Мишилзэн харахад бахадмаар….” хэмээх эл бүтээлийг зууны манлай Намжилын Норовбанзад гуай анх дуулж төрийн концерт эхлүүлдэг байсныг манайхан мэднэ дээ. Хөгжмийн бүтээлүүдээ нэгтгэсэн номыг нь Жамцын Бадраа өмнөтгөл үг бичиж 1980 онд хэвлүүлж байсан. “Ардын хөгжмийн суу билэгтнүүд” гэх судалгааны ном бий. Төрийн шагналт, шинжлэх ухааны нэртэй Хөдөөгийн Пэрлээ гуай редакторлосон байдаг.Аав Бадраа гуай хоёр их дотно. Уртын дуу, өв соёлынхоо төлөө хөтөлгөө морь шиг явсан хүмүүс. Насны хувьд ч ойролцоо. Гэхдээ Бадраа гуай аавыг дандаа ахаа гэдэг байсан. Ихэд хүндэтгэдэг байсных нь илэрхийлэл тэр болов уу. Тэр хоёр эрхэм “Түмэн эх” чуулгын анхны суурийг хамт тавилцаж, Монгол Улсын их сургуульд урлаг судлалын танхим анх нээж байлаа.

“Эртний сайхан”, “Түмэн эх” хэмээх язгуур урлагийн хамтлагуудыг анх байгуулж, гадаадын улс орнууд руу тоглолтоор авч яван үндэснийхээ урлагийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан. 1990-ээд онд Америкт тоглолт хийхэд тухайн үед Ерөнхий сайд байсан Жемс Бэйкер хүртэл хүрэлцэн ирж тоглолтыг нь үзсэн гэдэг. Мөн Хятадад болсон Шанхайн урлагийн наадамд оролцох үедээ далайд усан онгоцон дээр уртын дуугаа дуулахад Хятадын төрийн тэргүүн Мао өөрийн биеэр ирж гар барин хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Аав энэ тухайгаа их ярьдаг байж билээ. Бадраа гуай өөрөө сайхан дуулна. “Дуртмал сайхан”-ыг ч юм уу, ардын дуу дуулахаар “Чи худлаа дууллаа” гээд аав загнадаг байж л дээ. Хариуд нь Бадраа гуай “Цоодол ах аа ойлголоо” гэдэг байж. “Жамцын Бадраа гуайг загнадаг ганц хүн нь танай аав байсан. Бадраа гуай үгнээс нь ер гарахгүй шүү” гэж Жанцанноров гуай хэлж билээ.


-Аав тань их л олонтой явсан даа. Үерхэж нөхөрлөж, ууж идэж явсан найзуудаас нь нэрлэвэл?

-Тэр тухай яривал барагдахгүй ээ. Нөхөрлөлд үнэнч байна гэдэг эр хүний том чанар байх шүү. Манай аав нөхөрлөлд үнэнч, шулуун шударга зантай, ямар ч хүнтэй элгэмсэг дотно харилцдаг хүн байсан. Академич Ц.Дамдинсүрэн гуайгаас аваад оюун ухааны өндөрлөг болсон олон сайхан хүмүүстэй нөхөрлөдөг байлаа. Зохиолчдоос Б.Явуухулан, М.Цэдэндорж, Ч.Чимид, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, Эрдэнэбатын Оюун гуай нарыг дурдаж хэлэх байна. Би сайн санадаг юм. Дорнын их найрагч Б.Явуухулан гуай өнгөрөхийнхөө өмнөхөн манайхаар ирж аавтай ганц нэг шил “юм” хувааж хүртээд, “Цоодол оо, үндэсний урлагийнхаа төлөө ийм халуун сэтгэлээр зүтгэж явааг чинь алтаар үнэлэхэд ч багадна шүү” гэж хэлж байлаа. Гэвч дараахан нь өнгөрчихсөн дуулдсан. Аав найз нараа, эрдэм оюун, авьяас билгийн оргил болсон хүмүүсийг өнгөрөхөд элгээ эмтлэн шаналж, хэдэн өдөр, сараар уйтгарлан гуньдгийг бага хүүгийнх нь хувьд бие сэтгэлээрээ мэдэрч өссөн. М.Цэдэндорж гуайг, “Өргөн Сэлэнгэ” дууны хөгжмийг зохиосон Г.Дарамзагд гуайг өнгөрөхөд их харуусч байлаа даа. Мөн Ч.Бээжин аваргыг өнгөрөхөд ихэд харуусч байсныг санах юм. Аав бөхчүүдтэй нөхөрлөнө. Нутгийн бөх гээд Д.Цэрэнтогтох аваргыг их хүндэтгэдэг сэн. Найз нөхдийнх нь хүрээллийг зөвхөн зохиолч болоод бөхчүүдээс цухас дурдахад ийм. Манайх Их дэлгүүрийн хажууд. “Үер” киноны Болд өвгөн буюу нэрт жүжигчин С.Гэндэн, “Сэрэлт” киноны ах лам Цэндээхүү гуайн манай гурав хөрш. Монголын урлагийн алтан үеийн жүжигчид манай босгыг элээсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай хаалга чанга, чанга тогшоод “хэн бэ” гэхээр “хөдөөний хүн байна” гэдэг сэн.

-Хувь хүн талаас нь бас л асуумаар байх юм?

-Б.Лхагвасүрэн гуайн нэгэн шүлэгт “Эгэл боргилын туйл” гэсэн мөр байдаг даа. Түүн шиг л хүн байжээ гэж боддог юм. Хүнд гомдоно гэж байхгүй. Хэлмэгдэж, гадуурхагдаж нутаг заагдаад явж байхдаа болох байлгүй. Сайн цаг ирнэ гээд хээв нэг байдаг байлаа хэмээн ээж өгүүлдэг. Аав бусдад гомдвол гомдохоор үе олон л байсан. Урлагт хийсэн бүтээсэн хөдөлмөр гавьяаг нь үнэлж гавьяатад олон удаа дэвшүүлсэн. Хэлмэгдсэн гэх нэрээр буцаагддаг байлаа. Харин аавын минь “сайн цаг ирнэ” гэж итгэлтэй хэлж байсан нь 1990 онд биелсэн дээ. 1992 онд МУИС-ийн Урлаг судлалын танхимыг байгуулснаар 1998 он хүртэл багшаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд олон шавь төрүүлсэн. Яг гарынх нь шавь гэхээр уртын дууч, гавьяат Д.Баттөмөр гуайгаас аваад олон хүнийг нэрлэх байна.Ш.Сүрэнжав гуай шүлгийг нь бичиж аав аялгууг нь хийсэн “Өлзий түвшин уул” гэж маш гоё уртын дуу бий. Баттөмөр гавьяатыг аав өөрөө хөтөлж аваачаад дуулуулж радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг. Төгөлдөр хуурт уртын дуу богинын дууг тоглож нотолдог. Би өөрөө төгөлдөр хуурт найруулж аавынхаа дуунуудаас тоглох дуртай. Миний бие МУИС-ийн Урлаг судлалын танхимыг төгссөн юм. Гэвч мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Гэхдээ бас урлагаас хөндий байсангүй. Сургууль төгссөнийхөө дараа UBS телевэд зургаан жил ажиллаад, 2002 оноос “Storm animation” студи байгуулаад ажиллаж байна даа.“Аяллын тойрог” нэвтрүүлгээр минь хүмүүс мэдэх байх аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *